Барьцаалан зээлдүүлэх газрын удирдлага, менежерийг 1 жилийн дотор сургалтад үнэ төлбөргүй хамруулна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.27\ нэгдсэн хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
ХЗБХ--ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцууллаа.
Улсын Их Хурлын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлуулах, бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төсөлд нэмж тусган, төслийн эцэслэн батлах хувилбарыг бэлтгэсэн байна.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх сургалтад хамрагдахаар тусгасан бөгөөд уг сургалтад одоо барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийг хууль хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй байх асуудлыг зохицуулж өгөх нь зүйтэй гэж ажлын хэсэг шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл, төрөөс анхдагч хууль гарган тус харилцааг зохицуулж байгаатай холбогдуулан нэгэнт бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газрын удирдлага, менежерийг 1 жилийн дотор сургалтад үнэ төлбөргүй хамруулах шаардлагатай гэж үзсэн байна. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулжээ.