"Хүнсний хангамж, аюулгүй байдал – мал аж ахуй” үндэсний чуулганд илтгэл тавилаа
2022.10.27

"Хүнсний хангамж, аюулгүй байдал – мал аж ахуй” үндэсний чуулганд илтгэл тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд УИХ-аас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал- Мал аж ахуй” үндэсний чуулганыг Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгууллаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж буй чуулганд малчид, фермерийн аж ахуй эрхлэгчид, хувийн аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаач нарын 800 төлөөлөгч улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ыг сайжруулах чиглэлээр мал аж ахуйн салбарын бодлого, зорилт, үүрэг оролцоо, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар чуулганд оролцогчдод танилцууллаа.

2021-2024 оны хугацаанд гурван үндсэн зорилтыг гол чиглэл болгон хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Үүнд:

  • Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангах;
  • Арьс шир боловсруулах үйлдвэрийг төрийн бодлогоор хэрэгжүүлж зах зээлийн сүлжээг сумдад бий болгож, арьс ширний түүхий эдийнхээ үнийн өсөлтийг ханган хэрэгжүүлнэ;
  • Малын хорио цээр бүхий эрүүл бүсүүдийг бий болгон олон улсын жишгийн дагуу чанартай эрүүл цэвэр мах экспортлох боломжтой болно.