2022.10.18
Б.Баттөмөр: Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ирээдүйд ямар байх вэ
УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны /2022,10,18/-ны өдрийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Худалдааны танхимын хуулийг гаргах чиглэлээр 2 жилийн өмнөөс ярьсан. Энэ бол 1995 онд батлагдсан чухал хууль. Гэвч орчин үеийн цаг нөхцөлтэйгөө хуучин хууль нь нийцэхгүй болчихсон байгаа юм. Тиймээс үүнийг өөрчлөх шаардлагатай. Хамгийн гол нь төр хувийн түншлэлийг бэхжүүлэх, худалдаа үйлдвэр үйлчилгээний нийтлэг эрх, ашгийг төр төлөөлөх, төрийн шийдвэр гаргах түвшинд тэдний эрх ашгийг хамгаалах зэрэг олон асуудлууд уг хуульд орж ирэх ёстой. Хэд хэдэн асуулт асууя.
Төр хувийн хэвшлийн түншлэлд дэлхийн чиг хандлага ямар түвшинд хүрэх вэ? Энэ талд судалгаанууд хийсэн үү? Франц Турк улсын загваруудыг авсан байна. Монголчууд юм хуулахдаа их амархан. Гэхдээ Монголын онцлог өөр. Үүнийг хэр зэрэг харгалзсан бэ?
Мэргэжлийн нэгдсэн холбоо, нэгдэл гээд байгууллагууд бий. Тухайлбал Ажил олгогч эздийн холбоо. Эдгээр байгууллагатай хэр нийцэж байгаа вэ? Миний хувьд Ажил олгогч эздийн холбооны зарим санал та нарын саналтай зөрчилдөж байгаа гэж ойлгосон. Энэ хууль Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаатай шууд холбоотой. Засгийн газраас ямар санал авсан бэ? Тэд ямар санал өгөв. Та нарын боловсруулсан хуультай зөрчилдөж буй Засгийн газрын санал байна уу?
Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хариуллаа.