2022.04.15
Баянзүрх дүүрэг “Хөгжлийн зураглал 2030” бодлогын бичиг баримтаа баталлаа
Баянзүрх дүүргийн ИТХ-ын VI хуралдаан ээлжит хуралдаан Баянзүрх дүүрэг байгуулагдсан түүхэн өдөр 90.5 хувийн ирцтэйгээр эхэлсэн.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Баянзүрх дүүргийг хөгжүүлэх дунд хугацааны “Хөгжлийн зураглал 2030” хөгжлийн бодлогын баримт бичгийг хуралдаанд оролцож буй Төлөөлөгч нар 100 хувийн саналаар баталлаа.
Ингэснээр дунд хугацаанд хөгжих бодлогоо тодорхойлсон анхны дүүрэг болж байна.
Энэхүү хөгжлийн баримт бичгийг боловсруулах санаачилгыг анх УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан гаргаж, 30 гаруй эрдэмтний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж 108 удаагийн уулзалтыг төрийн байгууллага, иргэдтэй хийсэн.
Баянзүрх дүүргийн “Хөгжлийн зураглал 2030” нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг улс, нийслэлийн урт, дунд хугацааны хөгжлийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны бодлогын бичиг баримт юм.
“Хөгжлийн зураглал 2030” нь:
- Хүртээмжтэй хүний хөгжил
- Үр ашигтай эдийн засаг
- Тогтвортой ногоон хөгжил
- Цогц төлөвлөлттэй хотжилт
- Хариуцлагатай засаглал гэсэн 5 үзэл баримтлалын хүрээнд 5 үндсэн зорилго, 36 зорилт, 98 үйл ажиллагааг төлөвлөсөн байна.
“Хөгжлийн зураглал 2030”-д туссан зорилго, зорилтуудыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд манай дүүргийн өрсөлдөх чадварын индекс 0.2 хувиар өсч, ажиллах хүчний оролцооны түвшин 62 хувьд хүрч бүтээлч үйлдвэрлэл хөгжсөн, тогтвортой эдийн засагтай дүүрэг болох юм.
“Хөгжлийн зураглал 2030”-ийг боловсруулснаар улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэн түрүүнд хийх шаардлагатай ажлуудыг эрэмбэлэн жагсааж, цэгцтэй хөгжих боломж нээгдэж байгааг Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч нар онцолж байна.