ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд: Цэргүүдийг ургац хураалтад нууцаар дайчилж болохгүй
2022.09.05

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд: Цэргүүдийг ургац хураалтад нууцаар дайчилж болохгүй

ХЭҮК-оос гаргасан 21 дахь илтгэлд цэргийн ангид нэгнээ дэглэдэг, бэлгийн дур хүслээ хангадаг гэх мэт олон кейс дурдагдсан байв. Мөн сүүлийн үед анги, заставуудад цэргийг хүчээр ажилд дайчилдаг улмаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох асуудал шил дараалан гарах болов. Эл асуудал болон бусад сэдвийн хүрээнд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдтой ярилцлаа.

ХЭҮК-ын хийж буй тайлан судалгаа тэр дундаа цэрэгтэй холбоотой асуудлуудын үр дүнгийн талаар яриагаа эхэлье?

ХЭҮК-оос 2021 онд цэргийн анги байгууллагуудад хяналт шалгалт, судалгаа хийсэн. 2022 онд УИХ-д өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, чөлөөний байдлын талаарх 21 дахь илтгэлд цэргийн албан дахь дүрмийн бус харьцаа болон хугацаат цэргийн алба хаагчийн амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан нөхцөлийн талаар сүүлийн 10 жилийн байдлаар дүн шинжилгээ хийж илтгэсэн. Дүгнэлтээр цэргийн анги байгууллагуудад хугацаат цэргийн амь нас, эрүүл мэнд хохирох явдал жил бүр гарч, таслан зогсоогдохгүй байна гэсэн үр дүн гарсан. ХЭҮК-оос 2006 онд энэ чиглэлээр хийсэн судалгааг 2022 онтой харьцуулахад нөхцөл байдал сайжирсан. Өөрөөр хэлбэл дүрмийн бус харьцдаг асуудал 13-22 хувиар буурсан хэдий ч бүрэн таслан зогсоогдохгүй байна . Мөн судалгааны ажлын хүрээнд дүрмийн бус харьцааны шинэ хэлбэрүүд ч илэрч байна.

Цэрэг ажил хийж болох уу?

Хугацаат цэргийн алба хаагчийг улс орны бүтээн байгуулалт болон аж ахуйн ажилд оролцуулж болох зохицуулалт үйлчилж байна. Энэ хүрээнд төмөр зам, стратегийн ач холбогдолтой салбарт ажиллаж байх шиг байна. Нөгөө талаараа цэргийн албаны нэг онцлог нь ар тал хангалтын албатай, энэ хүрээнд цэргийн дүрэмд заасан ажил хөдөлмөр эрхэлж болно. Гагцхүү ажил хөдөлмөр эрхлэх явцдаа аюулгүй ажиллагааны журмаа зөрчдөг, мөрддөггүй, хэт болгоомжгүй байдлаас шалтгаалж осол гарч хүний амь нас эрүүл мэнд хохирох, гэмтэх тохиолдол гарч байна.

Саяхан Өмнөговь аймгийн зэвсэгт хүчний 167-р ангийн цэрэг гадуур ажил хийж яваад амь насаа алдсан хэрэг гарсан шүү дээ. Энэ тал дээр?

Хуулиар зөвшөөрсөн ажил хөдөлмөр эрхлэх зохицуулалтыг далимдуулан цэргийн алба хаагчийг нууцаар, зөвшөөрөлгүй ажиллуулах тохиолдол гарч байна. Ямар нэгэн дүрэм журамд заагдаагүй, дээд газраасаа зөвшөөрөл аваагүй хувиараа, хууль бусаар цэргийг ангийн байрлалаас дур мэдэн гаргаж ажил хийлгэснээс энэ харамсалтай хэрэг гарсан байж болзошгүй. Цагдаагийн байгууллага энэ талаар нарийвчилсан шалгалт явуулж байгаа.

-УРГАЦ ХУРААЛТЫН АЖИЛД ЦЭРГҮҮДИЙГ НУУЦААР ДАЙЧЛАН АЖИЛУУЛАХГҮЙ БАЙХ ТАЛ ДЭЭР АНХААРАХ ХЭРЭГТЭЙ-

ХЭҮК энэ асуудалд ямар оролцоотой ажиллаж байна?

Энэ бүхэн хүний эрхийн ноцтой зөрчил гэж ойлгож болно. Хүний амь нас хохирох, эрүүл мэндэд хор хөнөөл учирч буй асуудлын шалтгаан нь хоёр талтай. Нэгдүгээрт аюулгүй ажиллагааны дүрэм журмаа мөрдөхгүй байгаагаас, Хоёрдугаарт, зориуд хууль бусаар ажил хөдөлмөр эрхлүүлсэнтэй холбоотой. Тиймээс эрсдэлийг бууруул, хараа хяналтаа сайжруул гэдэг зөвлөмжийг өгч байна. Удахгүй ургац хураалтын ажил эхэлж байна. Энэ ажилд цэргийн алба хаагчийг ажиллуулахдаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээг энгийн иргэдтэй ижил хэмжээгээр олгох, аюулгүй байдлыг нь хангах, нууцаар дур зоргоор ажилд дайчлахаас урьдчилан сэргийлж хяналтаа сайжруулах хэрэгтэй. Энэ чиглэлээр манай байгууллагаас хяналт, шалгалт зохион байгуулна.

ХЭҮК-оос сүүлд гаргасан илтгэл дээр цэргийн албан хаагчтай холбоотой олон кейс бичигдсэн байсан. Жишээ нь бэлгийн дур хүслээ хангадаг гэх мэт. Энэ бүгд үнэн бодитой зүйл үү?

ХЭҮК-ийн илтгэл гэдэг нь тодорхой салбар, бүлгийн эрх, эрх чөлөөний байдалд дүн шинжилгээ хийгээд УИХ-д илтгэж байгаа албан ёсны баримт бичиг юм. Тиймээс илтгэлд дурдсан мэдээлэл үнэн бодитой. Ерөнхийдөө сүүлийн 10 жилд цэргийн анги байгууллагуудад үйлдэгдэж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн материалуудыг түүвэрлэж хийсэн дүн шинжилгээ. Нөгөө талаар хугацаат цэргийн алба хааж байгаа 1000, цэргийн алба хаасан 560 гаруй иргэдийг хамруулж явуулсан социологийн судалгааны дүнд үндэслэсэн.

2021 онд гарсан судалгаанд цэргийн алба хаагч сэтгэл санааны байдлыг мөн судлан гаргасан байдаг байх аа?

Цэргийн албанд алба хааж байгаа цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн байдал тогтворгүй, түгшүүртэй байгаа нь илэрсэн. Энэ нь дүрмийн бус харьцаа дэглэлтээс шууд хамааралтай гэж үзэж болохгүй. Олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Тухайлбал, Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, түүнээс улбаатай цэргийн эргэлт уулзалтыг хязгаарласан гэх мэт.

Сүүлийн үед гарч байгаа цэргийн алба хаагчийн амь нас эрүүл мэнд хохирсон тохиолдол дээр хэрхэн ажиллаж байна?

Энэ оны зургаадугаар сараас хойш цэргийн амь нас эрүүл мэнд хохирсон долоон кейс бүртгэгдсэн. Үүний гурав нь хүний амь нас хохирсон дөрөв нь гэмтэж бэртсэн тохиолдол гарсан. Үүнд ХЭҮК-оос хуульд заасан хүрээнд хяналт тавиад, холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцоод ажиллаж байна. Дотоод цэргийн штаб, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах байгууллага, төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгээс тайлбар мэдээлэл авч, нөхцөл байдалд үнэлгээ өгч байна. Хүний амь нас хохирсон тохиолдол бүрт эрх бүхий байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурор хяналтаа тавьж байна. Тухайн хэрэг мөрдөн байцаалтын ямар шатанд, аль байгууллагад байгаа, шүүх хэрхэн шийдвэрлэх эсэхийг бид анхааралтай ажиглаж байна.

-ХОДООД НЬ ЦООРЧ НАС БАРСАН ЦЭРГИЙН ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТТЭЙ ТАНИЛЦААГҮЙ-

Мөн Дотоодын цэргийн 05-р агийн цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан. Тус асуудалд танайхаас анхаарлаа хандуулж ажиллаж байгаа юу?

Бид хэрэг гарсан даруйд газар дээр нь очиж ажиллаж нөхцөл байдалтай танилцсан. Одоогоор энэ хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар хяналт тавьж байгаа. Дотоодын цэргийн 05 дугаар анги Цагдаагийн ерөнхий газрын харьяанд байдаг учраас тэнд гарсан хэргийг хөндөлгийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзээд Улсын ерөнхий прокуроын газраас харьяалал тогтоож АТГ-т шилжүүлсэн байгаа. Энэ хэрэгт хамааралтай шинжээчийн дүгнэлт гарсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн боловч бид танилцаагүй байна.

Гэмтэж бэртэж байгаа цэргүүдийн ихэнх нь хилийн цэргийн алба хаагч байгаа нь анзаарагдах юм. Хилийн застав, цэргийн ангиудад хүний эрх илүү зөрчигддөг нь юунаас шалтгаалж байна?

Өнгөрсөн онд ХЭҮК-оос Монгол Улсын дөрвөн бүсэд хилийн цэргийн анги байрлалд ойролцоогоор 15000 гаруй км явж ажиллалаа. Байгаль цаг уурын онцлогоос шалтгаалаад үүрэг гүйцэтгэх нөхцөл байдал ялгаатай байна. Сэтгэл санааны байдал нь ч гэсэн үүнээс шалтгаалаад харилцан адилгүй байхыг үгүйсгэхгүй. Байр сав амьдарч байгаа нөхцөл байдлын хувьд цэргийн алба хаах боломж нөхцөл хангагдсан, 30-аад нэр төрлийн хоол хүнсний хангамжтай байна. Хамгийн гол нэг зүйл нь хугацаат цэргийн алба хаагчдыг тайван цагт ижил нөхцөл байдлаар үүрэг гүйцэтгүүлэх шаардлага үүссэн нь харагдсан.

-ХИЛИЙГ ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧААР МАНУУЛАХ НЬ ХЭР ЗҮЙТЭЙ ВЭ ГЭДГИЙГ БОДОЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ БАЙХ-

Тодруулбал?

Зэвсэгт хүчинд алба хааж байгаа цэргийн алба хаагч байнгын бэлтгэл сургуулилт болон сургалтын чанартай үүрэг гүйцэтгэдэг. Харин хил дээр алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчид хилийн манаанд галт зэвсэгтэй харьцаад, морь, техник ашиглаад цаг агаарын эрс тэс нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэж байна. Түүнээс гадна хилийн застав, харуулын цэг дээр ар тал аж ахуйн ажилд оролцож байна. Үүнтэй холбоотойгоор бэртэж гэмтэх тохиолдол цөөнгүй гарч байна. Тиймээс хилийн цэргийг хугацаат цэргийн албан хаагчаар мануулах нь хэр зүйтэй вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй байх.

Мал маллаж байхдаа мориноос унасан цэрэг ГССҮТ-д эмчлэгдэж байна. Мөн адуу хариулж байхдаа усанд эндсэн гэх зэрэг хэргүүд гарсан. Энэ асуудалд?

Хэний малыг маллаж байсан бэ гэдэг нь анхаарал хандуулах асуудал. Цэргийн ангийн мал маллаж байсан бол үүнийг цэргийн албан үүрэг гүйцэтгэж байна гэж үзэх үндэстэй. Харин малчин айлд зөвшөөрөлгүй мал маллуулж байсан бол хүний эрхийн ноцтой зөрчил, албадан хөдөлмөрийн шинжтэй асуудал юм.

Цэргийн албанд дүрмийн бус харьцаа гараад байгаа шалтгаан нөхцөлийг хэрхэн дүгнэж байна?

Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа болов уу. Нэгдүгээрт цэргийн албаны зохион байгуулалт сул, хоёрдугаарт олон мянган хүний бүрэлдэхүүнтэй албан хаагчид дунд сахилга бат ёс зүйн хувьд тааруу офицер, ахлагч нар байна. Гуравдугаарт хүний нөөцийн дутагдалд орсон. Жишээ нь мэргэжлийн сэтгэл зүйчид ховор байгаа асуудал гарсан. Мөн цэрэгт татагдан ирж байгаа залуусын хандлага өөрчлөгдсөн. Түүнчлэн 7цэрэгт татахдаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээг нарийн хийх шаардлагатай байна. Бидний судалгаагаар багагүй цэрэг татагдан очсоны дараа эрүүл мэндийн шалтгаанаар халагддаг. Мөн маш их эмнэлгийн тусламж авдаг нь тогтоогдсон. Тиймээс цэрэг татлагын шинжилгээг нарийвчлан авах шаардлагатай.

-СУДАЛГААНД ОРОЛЦСОН АЛБА ХААГЧИД АР ГЭРТЭЭ АСУУДАЛТАЙ ДАРГА НАР ЦЭРГЭЭ ДЭГЛЭДЭГ ХЭМЭЭН ХАРИУЛСАН-

Офицер ахлагчийн асуудлыг дээр дурдлаа. Согтуу ажлын байран дээр ирж цэрэг болон доод албан тушаалтнаа дэглэдэг, амь насанд нь хүрдэг асуудлууд гардаг. Энэ юунаас болж байгаа гэж тогтоосон бэ?

Манай судалгаанд оролцсон цэргийн албан хаагчдын ярьж буйгаар ар гэртээ асуудалтай байсан дарга нар ирж дэглэдэг гэж хариулж байна. Энэ олон хүчин нөлөөлдөг байх. Нэн тэргүүнд цэргийн алба хаагчийн нийгэм, эдийн засгийн баталгааг сайн бүрдүүлэх хэрэгтэй.

Ойрын хугацаанд болон алс хэтдээ анхаарах ёстой зүйлс юу байна?

Монгол Улс дахь хүний эрх эрх чөлөөний байдлын талаарх илтгэл хэлэлцсэнтэй холбоотойгоор Улсын их хурлаас 2022 оны долоодугаар сарын 06-ны өдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай 49 дүгээр тогтоолыг батлан гаргасан. Энэ тогтоолд цэргийн албан дахь дүрмийн бус харьцааг арилгах талаар хэд хэдэн ажил тусгасан. Тухайлбал, цэргийн албанд хүний амь нас , эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж урьдчилан сэргийлэх, дүрмийн бус харилцааг илрүүлэх, бүртгэх тогтолцоог бүрдүүлэх, цэргийн албаны хууль тогтоомжийг хүний эрхийн зарчим хэм хэмжээнд нийцүүлэн боловсруулах, алба хаагчдын нийгмийн баталгаа, алба хаах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр туссан. Үүнийг хэрэгжүүлж ажиллахаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, ЦЕГ-ын Дотоодын цэргийн штаб, Дотоод хэргийн их сургуультай хамтарсан төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа.