Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консулыг Хангарди одонгоор шагналаа
2022.08.22

Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консулыг Хангарди одонгоор шагналаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн бөгөөд Дэгийн хорооны дарга Ямагүчи Шүничи, Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Ямасаки Масаяасү, Токушима мужийн Дэд захирагч Кацуно Миеэ болон Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул бөгөөд баруун Япон болон Монголын хамтын нийгэмлэгийн ТУЗ-ын дарга Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол, Японы харилцааг өргөжүүлэх, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд Өргөмжит консул Каваүчи Широгийн 2010 оноос хойш оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнасан юм.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт ойн хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа “Сүүн зам” бүжгийн наадмын үеэр Япон Улсын 150 орчим төлөөлөгч хүрэлцэн ирээд буй. Энэ үеэр Хотын дарга Япон Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш” бөгөөд өнгөрсөн 50 жилийн хугацаанд талуудын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнд баяртай байгаагаа илэрхийллээ.

Мөн тэрбээр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад дэмжлэг үзүүлж, цар тахалтай тэмцэхэд чухал хувь нэмэр оруулсныг дурдав. Түүнчлэн Улаанбаатар хотод Японы ард түмний сэтгэл шингэсэн томоохон бүтээн байгуулалтын төслүүд өрнөснийг онцолж байлаа.

Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн бөгөөд Дэгийн хорооны дарга Ямагүчи Шүничи “Сүүн зам” бүжгийн наадам нь хоёр улсын эв найрамдлын бэлэг тэмдэг болохуйц томоохон арга хэмжээ болохыг онцолж, нийслэлээс дэмжин ажиллаж буйд талархаж байна хэмээв. Тэрбээр харилцан ашигтай эдийн засаг, нийгмийн үр өгөөжтэй хамтын ажиллагаагаа цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.