Аялал жуулчлалын стандартыг сайжруулах чиглэлд Япон улстай хамтран ажиллана
Уулзалтын эхэнд талууд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт өнгөрсөн хугацаанд тогтвортой хамтран ажиллаж ирсэн гэдгийг онцлоод, цаашид хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлж, шинэ шатанд гаргах, эдийн засгийн гуравдагч тулгуур салбар болох аялал жуулчлалын салбарт тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр санал солилцсон юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: “Монгол, Япон хоёр тал 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгож, жилийн турш ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Энэ хүрээнд БОАЖЯ, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтран 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Уур амьсгал ба хүүхэд залуучуудын оролцоо” нэрийн дор олон улсын форум зохион байгуулахаар ажиллаж байна”.
Япон Улс Монгол орны биологийн олон янз байдал болон ур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр давхар ашиг бүхий олон зорилтот төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, чадавх бэхжүүлэхэд анхаарч ирсэнд талархал илэрхийллээ.
Түүнээс гадна тус байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн талаарх бодит мэдээ, мэдээлэл тоо баримтыг цуглуулж, нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэх судалгаа” боловсруулах төсөл Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд салбараас авч хэрэгжүүлэх алхамуудыг тодорхойлоход хувь нэмрээ оруулдаг гэдгийг онцлоод, тус судалгааны мэдээллээс харахад аялал жуулчлалын салбарыг байгаль орчинд ээлтэй нөөц даацанд тохирсон, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг нэмэгдүүлсэн, орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах боломжтой гэж харж байна гэсэн юм.
Талууд цаашид хүүхэд залуучуудын оролцоог дэмжих чиглэлээр төлөвлөлт хийж, аялал жуулчлалын стандарт, чанар, хүртээмжийн асуудлуудыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.