Б.Цогтгэрэл: АИХ байгуулснаар төрийн тогооны цоорхойг бөглөж, хуулийн завхралыг цэгцлэх ёстой
Монгол Үндэсний Ардчилсан намын дарга Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.
-ҮХНӨ оруулах эсэх асуудлыг олон нийтээр хэлэлцүүлж байна. Та уг асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-ҮХНӨ оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Учир нь 2019 онд оруулсан ҮХНӨ нэлээд дутуу дулимаг хийгдсэн нь нийгэмд дахин цогц шинэчлэл хийх шаардлага байгааг харуулж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг иргэдийн 85-90 орчим хувь нь дэмжиж байна. Энэ бол нийгмийн захиалга. Үүнд эрх баригчид соргогоор хандаж, уг өөрчлөлтийг хийх хэрэгтэй.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ямар ямар асуудлыг тусгах нь зүйтэй хэмээн үзэж байна вэ?
-Гурван чухал асуудал бий. Нэгдүгээрт, эдийн засгийн бүлгийг нэмж оруулах, хоёрдугаарт, орон нутагт намчирхалыг саармагжуулах чиглэлд бас нэгэн заалт хэрэгтэй. Гуравдугаарт, УИХ-д ялж, олонх болсон намаас томилогддог байгууллагуудын хараат бусаар ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн зохицуулалтууд хэрэгтэй. Дээр дурдсан асуудлууд ганц нэгхэн заалтуудаар хязгаарлагдахгүй нь мэдээж Тэр дундаа эдийн засгийн асуудал нэлээд өргөн хүрээнд яригдана. Түүнчлэн УИХ-ын хаврын чуулган хаахаас өмнө УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдэд ҮХНӨ оруулах асуудлаар танилцуулсан сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэх, мөн Ерөнхийлөгчийн томилгооны асуудлууд бий. Миний тухайд сонгуулийн пропорционал тогтолцоог Сонгуулийн хуулийн хүрээнд ашиглах боломжтой хэмээн нээлттэй орхих бус хуульчлах шаардлагатай гэж үздэг. Бид ийнхүү сонгуулийн тогтолцоогоо пропорционал байхаар хуульчилж, бөхөлж өгвөл олон шинэчлэлийн эхлэл тавигдана. Мөн Ерөнхийлөгч УИХ ба өргөтгөсөн байдлаар буюу бүх шатны ИТХ-ын тэргүүлэгчдийн өргөн оролцоог хангах ёстой. Үүний тулд анхан шатны иргэдийн хурал нь улс төрийн намын оролцоогүй зөвхөн иргэдээсээ байгуулагдсан байх ёстой.
-Одоо ч анхан шатны ИТХ иргэдээсээ бүрддэг шүү дээ?
-Хэлбэрийн хувьд тийм боловч агуулгын хувьд иргэдийн хурал гэж байгаа ч намуудын хурал болоод хувирчихсан шүү дээ. Энэ байдлыг халж “жинхэнэ” иргэдээсээ сонгогддог анхан, дунд шатны ИТХ-тай байж, түүний төлөөллөөр дамжуулж Ерөнхийлөгчөө сонгоход Үндэсний эрх ашгийг хангалттай төлөөлөх бололцоо бий болно. Магадгүй анхан шатны ИХТ-ийн дарга нараас бүрдсэн, мөн сонгогддог, томилогддог дарга нараас бүрдсэн Үндэсний эрх ашгийг хамгаалах төлөөлөгчдийн танхим буюу Ардын их хурлыг байгуулж болно. Уг асуудлыг ярихын тулд хоёр танхимын асуудал яригдана. Гэхдээ уг төлөөлөгчдийн танхим бүх хуулийг хэлэлцэж баталдаг биш, зөвхөн ёсчилдог эсвэл хориг тавьж буцаадаг байж болно. Мөн УИХ, Засгийн газраас байгуулагддаг зайлшгүй хараат бусаар ажиллах шаардлагатай Монголбанк, АТГ, Ерөнхий Прокурор, Ерөнхий шүүгч, Үндсэн хуулийн цэц, Төрийн албаны зөвлөл, СЕХ, Аудитын Ерөнхий газар зэрэг байгууллагуудын удирдлагыг томилох эрх нь Ардын их хуралд байх ёстой хэмээн үзэж байна. Үүний үр дүнд манай улсад парламентат ёс жинхэнэ утгаараа бэхжих юм. Хамгийн гол нь өнөөгийн нийгэмд үүсээд байгаа шударга бус байдал, авлига, хээл хахуулиас ангижрах бололцоо бүрдэнэ. УИХ-аас одоо яригдаад байгаа ҮХНӨ-ийн хүрээнд асуудлыг авч үзвэл Монголд шударга ёс тогтож, авлигаас салахгүй, төгрөгийн ханш тогтворжихгүй, гадаадын өр багасахгүй. Одоогийн яригдаж байгаа өөрчлөлтүүдийг хийснээр нийгмийн хүсэн хүлээсэн өөрчлөлт бий болох уу, үгүй юу. Эерэг хариу гарахгүй л байгаа. Үүнийг эрх баригчид ойлгож байгаа байх. Зөвхөн намын эрх ашгийг бодох биш Үндэсний эрх ашгийг бодох түүхэн цаг үе тулгараад байна.
-Иргэд төрийн данхар байдлыг халж, цомхон чадварлаг байхыг шаардаж байна. Энэ үед хоёр танхим байгуулж, Ардын их хурал байгуулах зэрэг асуудал хөндөгдөхөөр эрх мэдэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэх нь гэсэн хардлагатай байх шиг байна?
-Шууд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг ярихаар нийгэмд гарцаагүй иддэг, уудаг, эрх мэдэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэх нь гэсэн ойлголт бий болж байгаа юм. Манай Монгол Үндэсний Ардчилсан намын болон бусад төр, нийгмийн зүтгэлтнүүдийн дэвшүүлж байгаа хоёр танхимтай болох, АИХ байгуулах тухай асуудалд ямар ч идэж, уух, эрх мэдэлд хүрэх тухай асуудал хөндөгдөхгүй. Учир нь тус АИХ жилдээ хоёр удаа ч юм уу, шаардлагатай үед зарлаад хуралдуулах хурлын тухай яриад байгаа юм. Хоёрдугаарт, уг АИХ-ыг байнгын үйл ажиллагаатай болговол хяналтын чиг үүрэгт нэлээд шилжүүлэх учиртай. УИХ-ын бүрэн эрхт “хуулийн хэрэгжилтийг хянах” хэмээн заасан. Уг асуудал бүрэн орхигдсон. Одоо амьдралд нийцэж, хэрэгжих, хэрэгжихгүйгээс үл хамаараад 800 гаруй хууль баталчихаад байна. Тиймээс бодит байдал дээр хуулийн хэрэгжилт ямар байгаа, төрийн өмч, төсөв санхүү ямар байгааг хянадаг шалгадаг газар алга. Тиймээс АИХ-аас хяналтын хороо байгуулагдвал төрийн өмчөөс, улсын мөнгөнөөс өөрийн мэт идэж, уудаг урт гартнуудын тоо багасаж, цаашлаад манай улс хөгжлийнхөө зөв гольдролд орох юм. Харин одоогийн үрэлгэн зардал, хяналтгүй идэж уудаг байдлыг хоёр танхим ажиллахтай харьцуулахад тэмээ, ямаа, тэнгэр газар шиг зүйл л дээ.Тиймээс “Бог өгч байгаад бод иднэ” гэдэг шиг АИХ байгуулж, төрийн тогооны цоорхойг бөглөж, хуулийг завхралыг цэгцлэх ёстой.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоогоо өөрчилснөөр олон намын төлөөлөл төрд гарах боломжтой хэмээн үзэж байгаа. Үнэхээр пропорционал тогтолцоонд шилжснээр олон намын төлөөлөл төрд суух боломж бүрдэх үү?
-Ер нь бол гудамжинд хэрэлддэг биш, ордонд ороод хэлэлцдэг, мэтгэлцдэг, мэдлэг оюун, бодлогоороо уралддаг байх нь зүйтэй. Энэ үүднээсээ олон намын төлөөлөл парламентад суух эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Хоёрдугаарт, гадаад дотоодын олон хүчин зүйлийг харахад парламентын засаглалаа бэхжүүлэх шаардлага нэгэнт бий болчихсон байна. Парламентын засаглалыг бэхжүүлдэг үндсэн хоёр элемент нь улс төрийн нам, сонгуулийн тогтолцоо. Дан пропорционал биш шүү. Манай нам холимог тогтолцоог дэмжиж байгаа. Мөн пропорционал тогтолцоо улс төрийн намуудыг хөгжүүлдэг. Парламентын засаглалыг бэхжүүлдэг дараагийн бас нэг зүйл нь улс төрийн намууд. Манайд улс төрийн намууд огтхон ч бэхжээгүй байна. МАН-ын үндэс сайн тавигдаж, 100-н жилийн нүүр үзсэн учраас оршин тогтноод байгаа болохоос биш яг бодлогын нам болж чадаагүй л байгаа. Боловсон хүчин, судалгаа шинжилгээний хувьд болоогүй л байна. Сонгуулийн тогтолцоогоо пропорционал тогтолцоогоор өөрчиллөө гээд шууд л 5-6 намын төлөөлөл төрд ороод суучихна гэж бодохгүй байна. Эрх баригчдын хүсэл зоригоос ихээхэн хамаатай. Хэрэв намуудын босгыг нэг хувь болговол 4-5 намын төлөөлөл орж ирнэ. Үгүй бол бахь байдгаараа л байна.
-Том намуудтай харьцуулахад жижиг намууд мөрийн хөтөлбөр, үнэт зүйл, үзэл баримтлалаа иргэдэд танилцуулах боломж хомс шүү дээ. Жижиг, том нам байхаас үл хамаарч, ижил тэгш байдлаар олон нийтэд өөрсдийгөө танилцуулах боломж бий юү?
-Сонгуулийн тогтолцоо, санхүүжилтээс шууд хамаарна. Сонгуулийн тогтолцоо пропорционал болсон тохиолдолд намууд төлөвших суурь бий болно. Хоёрдугаарт,намууд мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулахад төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт олгодог, шуудангийн зардлыг нь даадаг гэх мэт санхүүгийн хөшүүрэг бий болсон цагт л бодитойгоор олон намын тогтолцоо руу явна. Жижиг гэлтгүй намууд төлөвшинө. Бид асуудлыг биеийн хэмжээгээр сэтгээд байна. Динозавр байгаад жижиг толгойтой байх уу, эсвэл шонхор шувуу шиг хурдтай байх уу гэдэг өөр асуудал.Том багаасаа илүүтэй ухаан бодлоо уралдуулж, тооцоо судалгааны үндсэн дээр боловсруулсан мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлддөг байгаасай л гэж бодож байна.
-Гишүүд давхар дээлтэй байхыг дэмжих үү?
-Ямартай ч үндэсний эрх ашиг засаглах Ардын их хуралтай болсон тохиолдолд давхар дээлтэй Бага хурал байж болох юм. Тэр тохиолдолд хяналт тавих боломж бүрдэнэ. Үгүй бол хянах механизм байхгүй тохиолдолд давхар дээлтэй байна гэдэг бол төсвөө өөрөө батлаад, өөрөө зарцуулаад, өөрөө түүнийгээ хянана гэсэн үг. Энэ бол аль ч оронд байдаггүй, хэрэгждэггүй, шударга ёсыг тогтоодоггүй систем. Зарим нэг хүмүүс бусад оронд парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байдаг хэмээн тайлбарладаг. Энэ бол парламент нь 600-700, 400-500 гишүүнтэй орнуудад л байдаг. Гэтэл манайх шиг нийт парламентын гишүүдийнх нь 20-25 хувь нь парламентын гишүүн болчихоор УИХ-аа базчихаад байдаг талтай. Үүнээс үүдэж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал яригдаж байгаа.