Зөвшөөрлийн тоог тав дахин бууруулсныг мэдээллээ
2022.07.08

Зөвшөөрлийн тоог тав дахин бууруулсныг мэдээллээ

УИХ-аар шинэчлэн баталсан "Зөвшөөрлийн тухай хууль"-ийг танилцуулах хэвлэлийн бага хурал МҮХАҮТ-д өнөөдөр боллоо. Хуралд УИХ-ын гишүүн, Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Танхимын бодлого, стратегийн газрын дарга Ж.Оюунчимэг нар оролцов.

Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын тэргүүн хэлэхдээ, “Монголд иргэн хүн, аливаа ААН бизнес эрхлэхэд 1500-гаас 1600 гаруй төрлийн зөвшөөрлийг давхардсан тоогоор авдаг байсан. Дахин сунгах үйл явц ойрхон давтамжтай байдлаар, өмнөх авснаасаа илүү их төвөг чирэгдэл болдог байсан”-ыг хэллээ. Зөвшөөрлийн тухай хуультай холбоотойгоор бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ гурван парламент дамжин судалгаа, хэлэлцүүлэг төсөл зэргээр олон талаар ажиллаж ирснийг тэрбээр тодотголоо.

Ингэснээр УИХ-ын хаврын чуулганаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тэргүүтэй төрийн түшээд энэхүү хуулийг бодит ажил болгон түргэн шуурхай хугацаанд энэ хуулийг батлуулсан нь Монголын бизнесийн орчинд үнэхээр том дэвшил, либералчлалыг авчирч буйг онцоллоо. Хүний эрүүл мэнд, амь нас, нийтийн эрх ашигт хамааралтай биш бол хуулиар зөвшөөрлийг цуцалж, тоог эрс бууруулж байна. Энэ нь маш алхам болж байна гэв. Тэрбээр цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэхэд энэ хуулийн үүрэг, оролцоо маш их гэдгийг онцлон тэмдэглэж байна.


УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хэлэхдээ, 2001 онд Тусгай зөвшөөрлийн тухай хууль батлагдаж байсан. Хуулийн шинэчилсэн найруулгыг батлахаас өмнө 1600 зөвшөөрөлтэй байсан. Тухайлбал мэргэжлийн хяналтын эрүүл ахуйн баталгаажуулалтаас гадна найман нэрийн барааны дэлгүүр дээр 8 зөвшөөрөл авдаг байсан бол өнөөдөр зөвхөн архи болон тамхины зөвшөөрлөө л авна.

\Ажлын байрыг бий болгох, эдийн засгийг тэлэх, бизнесийн орчныг эрүүл, зөв болгох, хүнд суртлыг арилгах нь “Зөвшөөрлийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын гол зорилго юм гэдгийг тодотгов. Нийт 362 зөвшөөрөл байгаа бол зөвшөөрөл авах үйл явц тодорхой, ойлгомжтой, цэгцтэй, ил тод нээлттэй болж байна” гэв.

Иргэн, ААН-үүд үйл ажиллагаа эрхлэхэд төрөөс ирэх дарамт болон авлигыг бууруулах зорилготой Зөвшөөрлийн тухай хуульд тусгаад буй голлох зохицуулалтаас дурдахад:

Салбар хуулиар эрх аваагүй буюу эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэрээр олгож буй, хуулиар давхардуулан олгож буй, бүртгэлийн шинжтэй зэрэг 1600 гаруй зөвшөөрлийн тоог цөөрүүлж 350 болгосон.

Зөвшөөрөл олгох процессын харилцааг салбарын хуулиар нарийвчлан зохицуулаагүй тохиолдолд Зөвшөөрөл хүссэн өргөдлийг ажлын 23 өдөрт буюу хуанлийн 30 хоногийн дотор багтаан шийдвэрлэхээр зохицуулсан.

Зөвшөөрлийн жагсаалтад туссан зөвшөөрөл тус бүрийн эрсдэлийг үнэлсний үндсэн дээр энгийн болон тусгай зөвшөөрөл гэж ангилжээ.

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн баталсан Зөвшөөрлийн тухай хууль нь 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Төрийн байгууллага хуульд заасан хугацаанд өргөдлийн хариуг шийдвэрлээгүй тохиолдолд:

Энгийн зөвшөөрлийг олгосонд тооцох,
Зөвшөөрөл сунгах өргөдлийг ажлын 15 өдөр буюу хуанлийн 21 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрлийг анх олгосон хугацаагаар сунгасанд тооцох зэрэг хялбаршуулсан олон зүйл, заалт оржээ.

МҮХАҮТ-аас бизнесийн орчны нөхцөл байдлыг бодитоор үнэлэх, асуудлыг гаргаж ирэх үүднээс “Хүнд суртлын индекс” гэсэн судалгааг тогтмол жил бүр бизнес эрхлэгчдийн дунд явуулж ирдэгийг Танхимын бодлого, стратегийн газрын дарга Ж.Оюунчимэг дурдлаа.

Судалгааны үр дүнг нийтэд мэдээлж, холбогдох төрийн байгууллага, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд хүргүүлж, танилцуулдаг. Зөвшөөрлийн үйлчилгээ авах үйл явцын үнэлгээ нь төрийн үйлчилгээний дундаж үнэлгээнээс бүх үзүүлэлтээр бага үнэлгээтэй байна. Шинэчлэн баталсан Зөвшөөрлийн тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхэлснээр дээрх нөхцөл байдал өөрчлөгдөж, бизнесийн орчин илүү таатай болох хүлээлттэй байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn