2022.06.16

Улаанбаатар- Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км авто замд гарсан эвдрэлийг засварлана

Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай авто замаар уул уурхайн бүтээн байгуулалтад оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн болон Тавантолгой тулш ХХК-ийн нүүрс тээвэрлэсэн хүнд даацын тээврийн хэрэгслүүд зорчих болсноор авто замын гэмтэл үлэмж ихэссэн.

Тийм учраас Монгол Улсын Их хурлын гишүүн Н.Наранбаатарын зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын арчлалтын талаар санал хүргүүлсэн.

Тус саналд "Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт "Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхтэй", 10.1.6-т "авто зам, замын байгууламж барих, засварлах, арчлах, зураг төсөл боловсруулах, техник технологийн хяналттай холбоотой норм, норматив, техникийн баримт бичиг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих" эрхтэй байна. Энэхүү авто замыг засварлах, арчлалтад хяналт тавих эрхийг авто зам ЭЗЭМШИГЧ НЬ хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа талаар иргэд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсээр байна. Жил болгон тодорхой хэмжээнд авто замын арчлалтын ажлыг зам хариуцагч хуулийн этгээд хийх боловч энэ нь хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн учруулж буй гэмтлийг нөхөн сэргээж чадахгүй байна. Улсын чанартай авто замаар хунд даацын тээврийн хэрэгслүүд зорчиход тодорхой хязгаарлалтын арга хэмжээ авах, тэдгээрийн авто замд учруулах хор нөлөөг бууруулах, замын арчлалтын ажлуудад нэгдсэн хяналтыг сайжруулах тухай саналыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийг 8.1.13-т заасныг үндэслэн гаргаж байна" гэжээ.

Харин энэхүү саналын хариуд Тухайн чиглэлийн авто замд даац хэтрүүлсэн тээвэрлэлт их хэмжээгээр яв байгаагаас хучилтын 50 %-д их засвар шинэчлэлт хийх хэмжээнд хүрээд байгаа ба авто замыг үе шаттайгаар шинэчлэн сайжруулах хүрээнд 2021 онд ихээхэн хэмжээний эвдрэлтэй 90 км авто замд их засвар, шинэчлэлтийн ажлын зураг, төсвийг хийлгэж засварын ажлын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна” гэх тайлбарыг өгч байсан.

Замын хөдөлгөөний аюулгүйн байдал алдагдсанаар зам тээврийн ослын тоо нэмэгдэж, иргэдийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан эрх нь зөрчигдөж байгаагийн нэг жишээ нь тус замын асуудал юм. Өмнөговь-Дундговь аймгийн чиглэлийн улсын чанартай авто зам дээр 2019 оны 11 дүгээр сараас хойш 21 зам тээврийн осол бүртгэгдэж, 8 хуний амь нас хохирсон байна. Дундговь-Төв аймаг чиглэлийн замд 2019 онд 119 зам тээврийн осол буртгэгдэж, 12 хүн гэмтэж, 2 хүн нас барсан. 2020 онд 75 зам тээврийн осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, 4 хүн нас барсан ослууд бүртгэгдсэн байна. Хэрэв эл асуудлыг яаралтай  шийдэхгүй бол там болсон зам дээр таны хайртай дотны хүмүүс бэртэх эрсдэл өндөр байна. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хувьд зөвхөн өөрийн эрх ашгийг бодож энэ чиглэлийн авто замын талаар дуугарсангүй. Үүнд маш олон хүний эрх ашиг, элэг бүтэн амьдралын баталгаа явж буй. Тэр дундаа Өмнөговьчууд 2018 оноос эхлэн Засгийн газрын түвшинд авто замын асуудлыг анхааралдаа авч, орон нутгийн удирдлагууд, олон нийтийн байгууллага, иргэд зорчигчид шат шатандаа дуу хоолойгоо хүргэсээр ирсэн билээ. Н.Наранбаатар гишүүний болоод нийт иргэний олон жил ярьсан асуудал ажил хэрэг болох нь.

2022 оны улсын төсөвт Улаанбаатар-Мандалговь чиглэлийн зам засварт 990 сая төгрөг, Мандалговь-Даланзадгад чиглэлийн зам засварт 1 тэрбум 900 сая төгрөг төсөвлөгдөж улсын чанартай тус замуудын засварын ажил эхэлсэн. Харин Монгол Улсын Засгийн газрын /2022.06.15/-ны өдрийн хуралдаанаар Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд гарсан эвдрэлийг засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардагдах 3,4 тэрбум төгрөгийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Батбаатар, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарт даалгасан юм. Ийнхүү тус чиглэлийн авто замын засвар, арчлалтыг хийснээр иргэд, зорчигчид ая тухтай, айх айдасгүй явах боломж бүрдэх юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn