2022.06.10
Д.Сарангэрэл: Умайн хүзүүний хорт хавдартай холбоотой арга хэмжээ авах шаардлага бий
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.10\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
Эрүүл мэндийн салбар хоёр жилийн хугацаанд маш хүнд үеийг даван туулсан. Яг энэ хүнд үед эрүүл мэндийн салбарыг удирдаж байлаа. 6 сар коронавирусыг барьж чадсан. Би 2020 оны 07-дугаар сарын 9-нд ажлаа өгсөн. Коронавирусын халдвар 2020 оны 11-дүгээр сарын 11нд хүн амын дунд гарсан. Хүн амын дунд халдвар гарсан ч гэсэн бид тайван байгаагүй. Гарах магадлал өндөр байсан учир бэлтгэл, ажлыг маш сайн хангасан. Тоног төхөөрөмж, эм тариа, боловсон хүчин бэлтгэх бүх ажлуудыг. Энэ суурин дээр дараагийн сайд 4 сар барьж чадсан. Бүхэлдээ эрүүл мэндийн салбар бусад өндөр хөгжилтэй орнууд сөхөрч байхад амжилттай даван туулж гараад ДЭМБ дээр загвар орны тоонд орсон. Тэр үед хоёргүй сэтгэлээр өдөр шөнөгүй ажиллаж байсан эрүүл мэндийн салбарынхандаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Та бүхэн түүхэнд үлдэх цагаан нөмрөгт баатрууд.
Энэ намар хүнд байдал үүсэх юм байна. Тиймээс одооноос бүх чиглэлд анхаарах хэрэгтэй. Дахин энэ хүнд үеийг туулах хүчин чадал энэ салбарт хэр байгаа вэ? Хүн амын дунд 5 хорт хавдар зонхилж байгаа. Тэр дундаа умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдийн өвчлөл, нас баралтын хоёр дахь шалтгаан. Үүнтэй холбоотой арга хэмжээ авах шаардлага бий. ДЭМБ тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд умайн хүзүүний хорт хавдрыг устгах боломжтой гэдгийг хэлж байгаа. Энэ боломжийн хүрээнд хууль эрх зүйн орчныг нь нээгээд санхүүжилтийг шийдье гэсэн асуудал байна. Энэ ажил ямархуу түвшинд явж байгаа вэ? Нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгөөч.
Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа.