Нийтийн тээврийнхэнд баримтлах заавар гаргалаа
Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газартай хамтран «Нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх нь» сэдэвт уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж болон автобус, микроавтобус, троллейбуснуудын жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцуулах, мөн замын хөдөлгөөний дүрмийг чанд даган мөрддөг болгох зорилгоор уг зөвлөгөөнийг хийжээ. Уулзалтанд ЗЦГ-н дарга Х.Энхжаргал, ЗЦГ-н дэд дарга Ч.Жаргалсайхан ЗЦГ-ын техник хяналтын хэлтсийн дарга Д.Мөнхбаатар, Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг болон нийтийн тээврийн
үйлчилгээ эрхэлдэг компиануудын төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр тэд дээрх үйлчилгээ явуулдаг компиануудын удирдлагууд болон жолооч нарт зориулан замын хөдөлгөөнд оролцох үед баримтлах зарим дүрмийг танилцуулсан бөгөөд дүрэм зөрчсөн аж ахуйн нэгж, албан байгууллагад холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээ мэдэгдлээ. Дээрхи дүрмийг баримталснаар нийтийн тээврийнхний иргэдэд учруулсан аливаа хүндрэл багасч, энэ төрлийн аваар ослын тоо ч буурах аж.