Музей, номын сангийн цогцолбор сүндэрлэж байна
2022 оны улсын төсөвт суулгасан Дархан- Уул аймагт хийгдэх 51 бүтээн байгуулалт дотроос үр өгөөж, ач холбогдол талаасаа хамгийн том, чухал төсөл нь “Музей, номын сангийн цогцолбор” юм.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ тус цогцолборын барилгын ажилтай танилцлаа. Тэрээр "Манай аймаг орон нутаг гэхээсээ илүү хотын соёлтой өвөрмөц онцлогтой, хүүхэд залуусын хот. Тиймээс хүүхэд, залуусынхаа эрдэм боловсрол, соёл хүмүүжлийн чиглэлд анхаарч, хөрөнгө оруулах бодлогын хүрээнд “Музей, номын сангийн цогцолбор" барихаар төлөвлөж, улсын төсөвт тусгасан" гэлээ.
"Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй уг цогцолборын барилгын явцтай зорьж очиж танилцлаа. Барилга угсралтын эхний шатны ажлыг “Воком Констракшн” гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 20%-тай байна.
Улсын төсвийн 14.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий уг цогцолбор 2023 онд ашиглалтад орох юм байна.
Боловсрол, соёлын салбарт томоохон хөрөнгө оруулалт болох энэхүү цогцолбор ашиглалтад орсноор Дарханд маань орон нутаг, олон улсын үзэсгэлэн, номын баяр, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулагдах боломжтой болно. Хамгийн чухал нь хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тав тухтай орчин бүрдэнэ гэдгийг тэрээр онцолж байлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn