2022.05.23

Жаргалант сумын тариалан эрхлэгчидтэй уулзаж, тариалалтын үйл явцтай танилцлаа

Төв аймаг 2022 онд нийт 136.7 мян.га-д тариалалт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнээс үр тариа 76,2 мян.га, улаан буудай 70.0 мян.га, төмс 9.6 мян.га, хүнсний ногоо 1.6 мян.га, таримал тэжээл 30.0 мян.га, тосны ургамал 18.2 мян.га, жимс, жимсгэнэ 0.9 мян.га-д тус тус тариалах юм.

Газар тариалангийн бүс нутагт ажиллах томилолтоо үргэлжлүүлэн аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын хамт #Жаргалант сумын тариалалтын үйл явцтай танилцлаа.

Гавьяат механикжуулагч Б.Баатаржав гуай энэ онд нийт 520 га -д тариалалт хийж байна. Үүнээс улаан буудай 400 га, тосны ургамал 80 га, овъёос 40 га -д тариалж байгаа бөгөөд одоогоор тариалалтын ажил 50 гаруй хувьтай явагдаж байна.

Тус суманд эмийн ургамал тариалж буй Монг-Эм ХХК нь нийт 8 га талбайд 100 гаруй нэр төрлийн эмийн ургамал тариалж байна. Нэн ховор, ховор төрлийн эмийн ургамлууд болон уламжлалт норов-7, мана-4 тангийн гол түүхий эдийг бэлтгэн, үйлдвэрлэг талаар компанийн удирдлагууд танилцууллаа.

Буурал 1-р багийн иргэн Б.Батсайхан нь 2014 оноос эхлэн тариалан эрхэлж байгаа бөгөөд энэ онд нийт 50 га -д төмс тариалахаар төлөвлөж, одоогоор 10 га -д тариалалт хийж байна.

Жаргалант сумын иргэн М.Зоригоо нь "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг сум, орон нутагтаа хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулан, 2022 оноос эхлэн модны суулгац тариалж, нийт 110 м2 талбайд улиас 25 мянга, бургас 15 мянга, нийт 40 мянган модны суулгац бэлтгэж байгаатай танилцлаа.

"Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Тариалангийн талбайг хашаажуулах, хөнгөлөлттэй зээл, санхүүжилт, урамшуулал олгох, Тариалангийн зориулалттай газрын хэмжээг тэлэх, нэмэгдүүлэх, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр тариалан эрхлэгчидтэйгээ ярилцаж, санал, хүсэлтийнх нь дагуу анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn