2022.05.18

Л.Мөнхбаатар: Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт хэр байна вэ?

УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2022,05,18/-ны өдрийн хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Энэ хуулийг дэмжиж байна. Одоогийн хуулиар нэг малд тогтоох татварыг 0-2000 төгрөг гэж тогтоосон тухайн орон нутгийн ИТХ хуралдаж мөнгөн дүнг тогтоох ёстой. Хөвсгөл аймгийн хувьд бог малыг 100-500 төгрөг, бод малыг 150-1000 төгрөг гэж тогтоосон жишиг байна. 2021 оноос хэрэгжиж эхэлсэн хууль, 1,6 тэрбум төгрөг төлөвлөснөөс 1,1 тэрбум төгрөг төвлөрч, 70-80 хувийн үр дүнтэй явж байна.

Ер нь энэ хуулийн хэрэгжилт ямар түвшинд байна. Мөн хэдий хэмжээний татвар төвлөрсөн бэ, гүйцэтгэл ямар байна. Тариалангийн талбайд мал ордог учраас малчид, тариаланчдын хооронд зөрчил үүсдэг, үүнийг татвараар шийдэж байгаа нь зөв. Бас газар тариалангийн бүсийг тогтоож өгсөн. Иймд энэ газарт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ёстой.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө.      

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn