2022.05.12

Ж.Батжаргал: Эмийн асуудалд төрийн зохицуулалт, бодлого нэн шаардлагатай байна

УИХ-ын чуулганы /2022,05,12/-ны өдрийн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Энэхүү тогтоолын төслийн үзэл баримтлал нь хууль тогтоогчид өөрийнхөө гаргасан хууль, тогтоомж амьдралд хэр зэрэг хэрэгжиж байна вэ гэдгийг үнэлэх дүгнэх, түүнийгээ боловсронгуй болгох, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, ажил хариуцсан байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад оршиж байгаа.

Ер нь бид болж бүтэхгүй байгаа зүйлсийг тогтоож түүнийгээ засаж сайжруулахад гол анхаарлаа хандуулж байж, нийгмийн сайн сайхан хөгжил дэвшил харагдах ёстой. Тиймээс түр хороог ажиллуулах хэрэгтэй. Сүүлийн хоёр жилийн жишээн дээрээс харж болно. Эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол, чанар, аюулгүй байдал зэрэгт хяналт шаардлагатай байгааг харуулсан. Үүн рүү чиглэж тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан. Түүний үр дүн юу байв гэх мэтчилэн олон зүйлийг эргэж харах хэрэгцээ бий болсон.

Зөв дадал, ухамсрыг төлөвшүүлэх асуудал байна. Био бэлдмэлийг хүнсний бүтээгдэхүүн шиг хэрэглээд байгаа билээ. Тэгэхээр эрх зүйн зөв зохицуулалт хийх нь чухал. Эм, эмийн бүтээгдэхүүн нь нийт иргэний эрх ашгийн асуудал учраас төрийн бодлого, зохицуулалт нь үүн дээр онцгой гарч ирэх шаардлагатай юм. Үнэ ханшийг нь хүртэл нарийн зохицуулах нэн тэргүүний ажил юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn