2022.05.04

"Нийтийн эрх ашгийн өмгөөлөл: Хүрээлэн буй орчин, эрүүл мэнд" хэлэлцүүлэг боллоо

Монголын Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хороо, Монголын Эмнести Интернэшл, Нээлттэй нийгэм форум "Цагаан шорооны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн" НҮТББ-ууд хамтран "Нийтийн эрх ашгийн өмгөөлөл: Хүрээлэн буй орчин, эрүүл мэнд" хэлэлцүүлгийг өчигдөр буюу 2022 оны тавдугаар сарын 4-ний өдөр зохион байгууллаа.

Уул уурхайг түшиглэсэн эдийн засаг бүхий манай улсын хувьд ашигт малтмал олборлолтоос үүдсэн хүрээлэн буй орчны бохирдол, түүнээс улбаалсан тухайн орон нутгийн иргэдийн эрүүл мэнд буюу нийтийн эрүүл мэнд, хүний эрхийн асуудал Өмнөговь, Дундговь, Дорноговь, Орхон, Баянхонгор, Төв, Сүхбаатар, Говьсүмбэр, Сэлэнгэ, Говь-Алтай зэрэг аймагт хурцаар хөндөгдөх болсон.

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр баталж, 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нийтийг эрх ашгийг хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн үндсийг тогтоосон байдаг.

Гэсэн хэдий ч өнөөг хүртэл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах, түүнтэй холбогдсон харилцаа манай улсын эрх зүйн тогтолцоонд хэвшээгүй билээ. “Нийтийн эрх ашгийн өмгөөлөл: Хүрээлэн буй орчин, эрүүл мэнд” хэлэлцүүлгээр хүрээлэн буй орчин болон эрүүл мэндийн чиглэлээр стратегийн өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй нийтлэг асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар зөвлөлджээ.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Шинжлэх ухааны академи, Монгол Улсын Их Сургууль, захиргааны хэргийн шүүгч нар, Монголын хуульчдын холбооны хуульчид, өмгөөлөгчид болон бусад салбарын эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл (нийслэл болон орон нутгаас) зэрэг олон салбарын төлөөлөл оролцлоо.

Улмаар хүрээлэн буй орчин, эрүүл мэндийн чиглэлээр нийтийн эрх, ашгийг сэргээх үндэсний механизмын ерөнхий нөхцөл байдал, шүүхийн практикийн талаар танилцуулж, энэ чиглэлийн тодорхой төрлийн стратегийн өмгөөллийн жишээн дээр гарц, шийдэл гаргах байдлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн нь тус хэлэлцүүлгийн онцлог болсон юм.

Б.Алтантуяа

Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлт хэрхэн хүний эрхтэй холбоотой болох, Засгийн газар, корпорациуд уур амьсгалын хямралаас хүн төрөлхтнийг хамгаалахын тулд юу хийж болох тухай Эмнести Интернэшнлийн "Бидний эрхийг бүү түймэрд" тайланг танилцуулсан нь цаг үеэ олсон асуудал байлаа.

Хэлэлцүүлгээс нийтийн эрх ашгийг өмгөөлөх хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, шүүх, хууль сахиулах болон төрийн байгууллагын ойлголт, хандлагыг сайжруулах, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, стратегийн өмгөөлөлд иргэд, олон нийтийг оролцуулах, мэдээллээр хангах, Стратегийн өмгөөллийн "Эрдэнэтийн цагаан тоос" төслийг амжилттай хэрэгжүүлэх болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Засгийн газар болон холбогдох төрийн, төрийн бус байгууллагуудад зөвлөмж гарган хүргүүлэхээр болов.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn