ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх улсыг 136.7 сая төгрөгөөр хохироолоо
С.Батмөнх ИНЕГ-ын даргаар ажиллаж байхдаа нийт 136.7 сая төгрөгийг хандив тусламжийн журмаар иргэд байгууллага, аж ахуйн нэгжид тарааж өгч, улсыг 136.7 сая төгрөгөөр хохироосон хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад, прокурорт шилжүүллээ.
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг зөрчиж, төсвийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйл ангиар С.Батмөнхөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд тэрээр Ардчилсан залуучуудын холбооны шинэ жилийн “Улаан сарнай” арга хэмжээг зохион байгуулах ажилд 30 сая, “Дондогдулам” киног бүтээхэд 15 сая, Очирваань шүтээн залахад 1 сая, долдугаар сарын 1-ний үймээний үеэр шатсан МАХН-ын барилгыг сэргээн засварлах ажилд 30 сая төгрөг хандивласан гэх зэргээр 30- аад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд улсын 136.7 сая төгрөг тарааж өгчээ.
Дээрх хэрэг Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн үйлчлэлд хамрагдах учир, тус хуульд хамруулж, хэрэгсэхгүй болгох саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлээд байна.
Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуульд хохирлыг нөхөн төлүүлэхээр зааж өгөөгүй учир 136.7 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэх боломжгүй юм.
Харин ИНЕГ дээрх хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гарган, шийдвэрлүүлэх боломж бий.