2022.05.09

“Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулав

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг санаачилгаар Дундговь аймгийн Говь-Угтаал сумын малчдад зориулан “Малчдын зөвлөгөөн” зохион байгууллаа. Зөвлөгөөнд 150 гаруй малчин оролцож санал бодлоо солилцон, сум орон нутгийн зүгээс хэрэгжүүлж байгаа хөдөө аж ахуйн чиглэлийн ажлууд болон, мал ахуй, аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллийг авлаа.

Малчид малын тоо толгойноос илүү чанарт анхаарч байгаагаа онцолж байсан. Ажил үйлсээрээ манлайлж байгаа малчдад төр засаг, салбарын яамны шагналыг гардууллаа. Дундговь аймгийн Говь-Угтаал сум нь 1500 гаруй хүн амтай, 158 мянган малтай, бэлчээрийн даац 4 дахин хэтэрсэн учир малын тоо толгойг өсгөхөөс илүү малын чанартаа анхаарах шаардлагатай болсныг албаныхан болон малчид ч хэлж байлаа. Цаашид малчид хоршоог хөгжүүлэх, үйлдвэрлэгч бүтээгч байх, малын цөм сүргийг бий болгоход анхаарч байгаагаас гадна, сумандаа аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байгаа зөвлөгөөний үеэр хэлсэн юм.

Зөвлөгөөний үеэр Говь-Угтаал сумынхан “Боржигон дээдсийн тамганы музей” байгуулахаар нэгдээд байна. Говь-Угтаал сумын хувьд аймгийн хэмжээнд музейгүй цөөн сумдын нэг юм. Хэдий тийм ч түүх дурсгал ихтэй, музейн хэмжээнд хүрэхээр үзмэрүүд ихтэй. Энэ утгаараа аймгийн ЗДТГ-тай хамтарч музей байгуулах санаачлага гаргаж, нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр сумын хуучин Тамгын газрын байрыг засварлан музей байгуулахаар боллоо. Тус музейн онцлог нь тамганы музей болох бөгөөд нэг танхимыг тохижуулах юм. Тиймээс музейн эхний үзмэр болгож Богдын музейд хадгалагдаж байгаа VIII богдын төрийн тамганы дардсыг сумын удирдлагуудад хүлээлгэн өглөө. Учир нь энэхүү VIII богдын төрийн тамганы чулууг Сүмбэр уулнаас залсан түүхтэй юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn