2022.05.09

Сүхбаатар дүүрэг "Хотын ой"-той болно

Төв талбайд хиймэл зүлэг байрлуулсан дүр зураг нийслэл Улаанбаатар хотод иргэдийн амарч зугаалах ногоон байгууламж ямар их хэрэгтэй байгааг харуулсан.

Бид хотын төвийн бүсээр барилга барих бус, ногоон талбай, том жижиг хамаагүй цэцэрлэгт хүрээлэнгүүдийг л барьж байгуулах ёстой гэдгийг Нийслэлийн удирдлагууд олж харж байгаа байх. Урин дулааны цаг ирж, хэн хүнгүй гэр бүлийнхэнтэйгээ амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлэхийг эрмэлзэх болсон энэ цаг үед нэгэн баяртай мэдээ дуулгахад таатай байна.


Монгол Улсын БОАЖЯ, БНСУ-ын Ойн агентлаг хоёрын хооронд санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй “Улаанбаатар хотын ой” төслийн бүтээн байгуулалт нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж, тохижилтын ажил нь хийгдэж дуусаад одоо албан ёсоор хүлээлгэн өгөх, нээлтээ хийх ажил нь үлдээд байгаа юм.


Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн хувьд энэхүү төслийн ажлыг соргогоор дэмжиж, нийслэлдээ газар нутгийн хэмжээгээр хоёрдугаарт орох “Нөхөрлөлийн ой”-н орц гарцыг чөлөөлөх ажилд анхаарал хандуулж, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазарт албан тоот илгээсний үндсэн дээр иргэд саадгүй нэвтрэх газар чөлөөлөлтийн зардлыг Нийслэлийн газрын албаны төсөвт суулгасан.

Одоо тун удахгүй хотын хойд захын иргэд цэвэр агаарт амарч зугаалах, хүүхэд залуус байгаль экологийн мэдлэгээ тэлэх сайхан орчин үүд хаалгаа нээх юм байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn