Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ хуралдаанаар Засгийн газраас /2022.04.14/-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулмйг баталж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ.
Өнөөдрийн байдлаар зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргийг 31 байгууллагын 216 нэгжид харьяалагдах 10011 эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлж байгаа бол Улсын ерөнхий прокурорын газарт зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих бие даасан хэлтэс ажиллаж, улсын хэмжээнд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд тавих хяналтын ажлыг дагнан хариуцсан 68 хяналтын болон ахлах прокурор ажиллаж байна.
Тус хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас 7.334.349 зөрчилд шийтгэл оногдуулсан байна.
Түүнчлэн Монгол Улсад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа эрх бүхий албан тушаалтны 60-70 хувь нь эрх зүйч бус бусад салбарын мэргэжилтнүүд байгаа тул зөрчил шалгах зарим тодорхой ажиллагаанд мөрдөх журмыг илүү ойлгомжтой болгох шаардлага тулгарсан юм.
Иймд дээрх бэрхшээлийг арилгах, Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөвхөн хуульд заасан үндэслэл, журам, арга хэрэгслээр хэрэгжүүлэх, тус ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн эрх зөрчигдөхөөс хамгаалах зорилгоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа билээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn