Юнител групп БОАЖЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2022.04.21

Юнител групп БОАЖЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдэд байгаль орчноо хайрлан хамгаалах соёлыг түгээн дэлгэрүүлэх, байгаль орчныг хамгаалахад дэвшилтэт технологийг ашиглах чиглэлээр нийгэмд эерэг нөлөөллийн томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх чиглэлд Юнител групп болон БОАЖЯ хамтран ажиллахаар болж “Юнител” группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Юнител компанийн зүгээс мэдээлэл холбооны техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон Туул голын бүсийг камержуулах ажилд дэмжлэг үзүүлэх, технологийн сүүлийн үеийн шийдлийг санал болгох юм. Түүнчлэн Монгол Улсын дархан цаазат газар, байгалийн үзэсгэлэнт газруудад үүрэн холбооны сүлжээ оруулах зэрэг олон талт ажлуудыг талууд хийхээр харилцан тохироод байгаа юм.



Юнител компанийн хувьд өнгөрсөн хугацаанд “Ногоон байгаасай” уриан доор байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшгийн талаарх олон нийтэд сэрэмжлүүлэг болон мэдлэг олгох чиглэлд олон компанит ажлуудыг зохион байгуулсаар ирсэн. Харин энэ удаа салбар яамтайгаа хамтран олон талт ажлуудыг зохион байгуулснаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд нь илүү өргөжин тэлэх боломжтой боллоо.