Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцууллаа.
Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа танилцууллаа. Тэрбээр нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн санал тус бүрийг төсөлд нэмж тусгасан. Тухайлбал, зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбогдуулан хуулийн төслийн нэр Гол нэр төрлийн зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай болж өөрчлөгдсөн. Нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан холбогдох өөрчлөлтүүдийг төсөлд нэмж тусгалаа. Төслийн 5.1.1 дэх заалтын банкаар дамжуулан олгох гэснийг “банкны эх үүсвэрээр олгох” гэж, 5.1.2 дахь заалтын “хөнгөлөлттэй санхүүжилтийг банкаар дамжуулан” гэснийг “санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд” гэж тус тус гэж өөрчлөх саналууд дэмжигдсэнтэй холбогдуулан холбогдох өөрчлөлтүүдийг хийсэн байна.