Б.Энхбаяр: Хөгжлийн Банкны асуудлын дараа төрийн өмчит компаниудын асуудал ил болно
Монголын Эдийн засгийн чуулганы үеэр "Авлига, хүнд суртал, төрийн өмчит компанийн засаглал" сэдэвт салбар хуралдаан боллоо.
Энэ үеэр Авлигыг бууруулахад гишүүд ямар ажил хийж байгаа талаарх модераторын асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариулт хариулав.
Тэрбээр “Авлигагүй болох нь холын биш ойрын зорилго. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн талаас илүү нь шинээр сонгогдсон. Тэд хүсэл эрмэлзлээр дүүрэн байгаа. Төрийн өмчид хамгийн том авлига байгааг Ерөнхий сайд онцолж хэлсэн. Бид чөлөөт эдийн засагтай биш болж хувирсан.
Парламентын олонх дэмжих юм бол Ерөнхий сайд төрийн өмчийн либералчлалын бодлогоо оруулахад бэлэн болсноо өнөөдөр зарлалаа. Парламент бодлогын дэмжлэг үзүүлнэ.
Энэ нь хүнд бөгөөд амаргүй тэмцэл болно. Яагаад гэвэл өдийг хүртэл үүнийг тойрч амьдарч авлигажиж, сүлжээ үүссэн асар том, олон эрх ашигтай нүүр тулна.
Бид давж чадна гэж хэлнэ. Үүнийг хийж чадвал авлигын индексээрээ 100 руу биш бүр 50 руу орж ирж чадна. 10 их наяд төгрөгийн авлига байгаа. Хөгжлийн Банкны асуудал зөвхөн эхлэл. Дараа нь төрийн өмчит компаниудын асуудал ил болно. Иргэд бухимдана. Гэхдээ бид үүнийг нээлттэй хийнэ, ард иргэдийн оролцоотойгоор шийднэ.
Төрийн өмчит компаниудын засаглалын асуудлыг олон нийтийн оролцоотой болгох хамгийн том реформ явж байгаа. Энэ нь хувьчилж авах асуудал биш гэж харж би хувьдаа харж байна" гэв.