МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Цэргийн төв эмнэлгийн дарга, ажилтнуудтай уулзлаа
2022.04.06

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Цэргийн төв эмнэлгийн дарга, ажилтнуудтай уулзлаа

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МЭМАҮЭ-ийн холбооны дарга Ч.Нарантуяа нар “Цэргийн төв эмнэлэг”-ийн удирдлага болон ажилтнуудтай уулзлаа. Учир нь дээрх эмнэлгийн шинэ удирдлага ҮЭ-ийн хороотойгоо “Хамтын гэрээ”-гээ байгуулахгүй байгаа нь тус эмнэлгийн 700 шахам ажилтнуудын хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудалд орхигдоод буй тухай Цэргийн төв эмнэлгийн ҮЭ-ийн хорооны дарга Н.Дарьсүрэн хэлж байв.

Энэ үеэр тус эмнэлгийн мэдрэлийн тасгаар орж, тасгийн эмч ажилтнуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг сонсож, хурлын танхимд үйлчилгээний нийт ажилтнуудтай уулзаж МҮЭ-ийн холбоо, МЭМАҮЭХолбооноос хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгөв.

Үйлчилгээний ажилтнуудын зүгээс нэг ажилтанд 356 метр квадрат талбай ногдох ёстой боловч нэг үйлчлэгч гурван хүний ажлыг давхар хийж 1000 метр квадрат талбайг цэвэрлэдэг гэсэн ч тэдэнд ажил хавсран гүйцэтгэсэн хөлс өгдөггүй гэв. Мөн энэ үеэр эмч сувилагч нарын зүгээс Ковид-19 цар тахлын үед ажлын ачаалал их байдлаас халширч маш олон ажилтан ажлаасаа гарсан нь орон тооны дутагдалд орж, тус эмнэлгийн ажилтнууд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж буй талаар учирлаж байв.

Эмч эмнэлгийн ажилтнуудтай хийсэн энэхүү уулзалтын дараа МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МЭМАҮЭХолбооны дарга Ч.Нарантуяа, ҮЭ-ийн хорооны дарга Н.Дарьсүрэн нар тус эмнэлгийн дарга, ерөнхий эмч, хурандаа Б.Энх-Одтой уулзлаа. Тэрээр эмч эмнэлгийн ажилтнуудын зүгээс тавиад буй асуудлыг зөвөөр хүлээн авч ойлгож буйгаа илэрхийлээд, ҮЭ-ийн хорооныхоо үйл ажиллагааг дэмжиж “Хамтын гэрээ”-гээ удахгүй байгуулах тухай илэрхийлж байсан юм.