Банк, санхүүгийн байгууллагууд 88 сая гаруй мод тарьж, ургуулахаа баталгаажуулав
2022.03.30

Банк, санхүүгийн байгууллагууд 88 сая гаруй мод тарьж, ургуулахаа баталгаажуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд банк, санхүүгийн салбар, мэргэжлийн холбоод нэгдлээ.

Салбарынхан уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, 2030 он хүртэл хугацаанд мод тарьж ургуулж, арчлан хамгаалахаа баталгаажуулав.

Эхний ээлжид нийт 17 мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж 88 сая 600 мянган мод тарьж ургуулахаар нэгдлээ.

Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн нээлт Төрийн ордонд боллоо.

Санг ойжуулалт, мод тарьж  ургуулах болон байгаль хамгаалалтай холбоотой бусад ажлыг тогтвортой санхүүжилтээр хангах бүтэц, тогтолцоо бүрдүүлэх зорилгоор байгууллаа.

Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгнө. Мөн банкны салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, таван их наяд хоёр зуун тэрбум төгрөгийн зээл олгохоор боллоо.

Энэ тухай батламжийг Монголын банкны холбооны  гүйцэтгэх захирал Л.Амар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарт хүлээлгэн өгөв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн хөрөнгө банк, банк бус санхүүгийн болон бизнесийн байгууллагууд, иргэдийн хандиваас бүрдэх бөгөөд Удирдах зөвлөл нь санхүүжилтээр дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталж байх юм.

Удирдах зөвлөлийг Монголын банкны холбоо, Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, бусад хандивлагчийн төлөөлөл болон хараат бус гишүүдээс бүрдүүлжээ.

Үүнд:

  1. “Монголын банкны холбоо” /Арилжааны 11 банк/ – 50,000,000
  2. “Хургатай хайрхан” ХХК – 10,000,000
  3. “Нью прогресс групп” ХХК – 10,000,000
  4. Даатгалын мэргэжлийн холбоод /”Монголын даатгалын холбоо”, “Албан журмын даатгалын холбоо”, “Даатгалын зуучлагчдын холбоо”, “Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо”/ – 5,000,000
  5. “Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо” – 2,750,000
  6. “Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо” – 1,250,000
  7. “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” – 1,000,000
  8. “Ард санхүүгийн нэгдэл” ХК – 1,000,000
  9. “Монголын ипотекийн корпорац” ХК – 1,000,000
  10. “Эрдэнэ ресурс девелопмент” ХК – 1,000,000
  11. “Эрхэт монгол групп” ХХК – 1,000,000
  12. “Грийнпинус” ХХК – 1,000,000
  13. “Инвескор ББСБ” ХХК – 1,000,000
  14. “Сэндли” ББСБ – 750,000
  15. “Бичил глобус финанс” ББСБ – 500,000
  16. Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн “Дээвэр” нэгдсэн холбоо – 300,000
  17. “Ханбогд кашимер” ХХК – 300,000

Батламжид Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөл гарын үсэг зурлаа.