2022.03.01

Архангай аймгийн Аварга малчид тодорлоо

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн болон аймаг, сумын удирдлагууд Архангай аймгийн Аварга малчдын цол тэмдгийг гардуулж, баяр хүргэлээ.

Ихтамир сумын Бугат багийн малчин С.Отгонжаргал, гэргий Б.Тунгалагтуяа болон Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин И.Сандуй, эхнэр Б.Дэлгэрмаа, Батцэнгэл сумын Цац багийн малчин Б.Болдбаатар, гэргий Б.Золзаяа нар Монгол Улсын аварга малчны цол тэмдэг, өргөмжлөлөө гардан авлаа.

Залуу аварга малчин Отгонжаргалын аав Сономцэрэн гуай Монгол Улсын аварга малчин, Улсын алдарт уяач хүн байсан бөгөөд 32 жилийн дараа аавынхаа амжилтыг давтан баталж байгаад ахан дүүс, сум, нутгийнхан нь бахархаж байв. 1998 онд наймдугаар анги төгсөөд, түүнээс хойш мал маллаж байгаа С.Отгонжаргалынх энэ жил дөрвөн төрлийн 1700 гаруй толгой мал тоолуулжээ. Багаасаа хурдан морь унаж өссөн тэрээр сум, аймагтаа хэд хэдэн айраг, түрүү авч сумын алдарт уяач болжээ.

И.Сандуй 1989 онд 10 дугаар ангиа төгсөж, 1993 онд айл  болсон байна. Тэр үеэс 30 гаруй жил бие даан мал маллаж, 2008 онд аймгийн аварга малчин болж байжээ. “Манай Өндөр-Улаан сум бол үхэр сүрэгт ээлтэй, бүдүүн өвстэй нутаг. Миний аав 28 жил туувар туусан, сумын долоон удаагийн аварга, аймгийн хоёр удаагийн аварга малчин хүн байсан. Аавынхаа заавраар мал маллаад өдий зэрэгтэй явж байна. Манайх 30 жилийн хугацаанд 16 туслах малчинтай байсан. Тэдний маань хүч хөдөлмөр миний амжилтад шингэсэн” хэмээн И.Сандуй аварга хэллээ.

Б.Болдбаатар З-р ангийн сурагч байхаасаа аав, ээжийн хамт мал маллаж эхэлсэн бөгөөд 1998 онд эхнэртэйгээ гэр бүл болж, эцэг, эхээс тасалж өгсөн 100 гаруй толгой малтай ажил, амьдралын гараагаа эхэлсэн байна. Өнөө жил тэднийх дөрвөн төрлийн 2400 гаруй толгой малтай, хангай нутагтаа тарган тавтай сайхан хаваржиж байна.