БОАЖ-ын сайд, Элчин сайд И.К.Азизовтай уулзлаа
2022.02.18

БОАЖ-ын сайд, Элчин сайд И.К.Азизовтай уулзлаа

Уулзалтын үеэр БОАЖ-ын сайдын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 12-р сард ОХУ-д хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсанаар Байгаль орчныг хамгаалах асуудлаарх Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан  комиссын хуралдааныг 2022 оны нэг дүгээр улиралдаа багтаан зохион байгуулах ажилд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Ойг түймрээс хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол-Оросын зургаа дугаар зөвлөгөөнийг Монголын тал зохион байгуулах байсан боловч цар тахлын улмаас хойшилсон. Тэгвэл зургаа дугаар зөвлөгөөнийг зохион байгуулах урилгыг ОХУ-ын талд дахин хүргүүлнэ гэдгээ илэрхийллээ. Мөн энэ удаагийн зөвлөгөөнөөр ойн түймрийн асуудлаас гадна “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбоотой үрийн санг нэмэгдүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах зэрэг асуудлуудыг ярилцахаар төлөвлөж байгаагаа дуулгав. 

БОАЖ-ын сайдын зүгээс, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсад модны үр нийлүүлэх, техник, технологи нэвтрүүлэх, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа хэлээд уг хөдөлгөөнийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө батлагдмагц хамтын ажиллагааны талаарх тодорхой саналуудыг ОХУ-ын холбогдох байгууллагуудад хүргүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газар хилээ албан ёсоор нээсэнтэй холбогдуулан  аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхжүүлэх ажлуудыг зохион байгуулахаар ажиллаж байгаа. Энэ хүрээнд хоёр улсын хил орчмын хотуудад хийгдэх нислэгтэй болгох, харилцан сурталчилгаа хийх, өдөрлөгүүд зохион байгуулах, мэдээллийн төвүүдийг байгуулах гэх мэт ажлуудыг хамтран зохион байгуулахад ОХУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовын дэмжлэг ихээхэн чухал байгааг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайдын зүгээс 2-р сарын 21-ны өдөр БОАЖЯ, ГХЯ, Соёлын яам хамтран зохион байгуулах Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүнүүдийн уулзалтад Элчин сайд И.К.Азизовыг уриад, арга хэмжээнд зориулж аялал жуулчлалын талаар үг хэлэхийг хүслээ.