2022.02.14

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Иргэдээ сонсох уулзалт”-ыг Жаргалант багаас эхлүүллээ

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат  УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдээ төлөөлөн аймгийнхаа багуудад хүрч, иргэдээ сонсох ажлыг эхлүүллээ. Тэрбээр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын хамт иргэдтэйгээ уулзаж байгаа бөгөөд өнөөдөр Баянхутаг сумын Жаргалант багаас ажлаа эхлүүлж байна. Уулзалтад сум орон нутгийн удирдлагуудаас гадна, тус багийн 72 хүн оролцжээ.

 “Эргэх холбоо-52” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд тус уулзалтыг зохион байгуулж байгаа бөгөөд иргэдэд шинээр батлагдан мөрдөгдөж буй хуулиудыг сурталчлах, УИХ-ын үйл ажиллагаа, 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нарын хийж хэрэгжүүлж буй ажил, Хэнтий аймгийн төсөв, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, иргэдээ сонсож байна. Үүнчлэн аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав аймгийн онцлог ажил, сумын Засаг дарга Б.Амгаланбат сум, орон нутагт хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Эрүүл мэндийн төвийн авто машиныг шийдвэрлэх, багийн эрчим хүчинд холбох ажлыг аймаг, сумын Засаг дарга нартай зөвшилцөж шийдвэрлэхээ илэрхийллээ.