
ИЗН, Ардчилсан нам нөхөн сонгуульд хамтрахаар болжээ
Уг нь УИХ-ын нөхөн сонгуульд ИЗН бие даан оролцох эрхээ СЕХ-ноос аваад байсан юм. Гэвч Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ИЗН-ын дарга С.Оюун нар өчигдөр Төрийн ордонд уулзсан байна. Тэдний энэ уулзалтаар тус хоёр нам УИХ-ын нөхөн сонгуульд хамтран оролцох саналаа албан ёсоор тавьж харилцан зөвшөөрчээ. Ардчилсан нам энэ сарын 25-нд Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа хийхээр урьдчилан товлоод буй. Мөн тэр өдөр ИЗН эрх бүхий байгууллагынхаа хурлыг хийж Ардчилсан намтай хамтрах асуудлаа шийдэх юм байна. ИЗН-ын гишүүдийн дийлэнх нь нөхөн сонгуульд хамтарч оролцохыг дэмжих бололтой байгаа аж.
Тус хоёр нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 2012 оны УИХ-ын сонгууль хүртэл хамтран ажиллах стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан юм. Уг гэрээний дагуу нөхөн сонгуульд хамтран ажиллах гэж байгаа гэж ойрын эх сурвалж хэллээ.