Т.Нармандах: Төрийн байгууллага өөр хоорондоо мэдээлэл солилцохдоо иргэний бүртгэлийн дугаарыг ашиглана
2022.01.07

Т.Нармандах: Төрийн байгууллага өөр хоорондоо мэдээлэл солилцохдоо иргэний бүртгэлийн дугаарыг ашиглана

Иргэний улсын бүртгэлтэй холбоотой зарим асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандахтай ярилцлаа. 

Улсын бүртгэлийн байгууллага бүртгэлийн зарим үйлчилгээгээ иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үзүүлж байгаа, энэ онд улсын бүртгэл тэр дундаа иргэний улсын бүртгэлийн чиглэлээр цахимаар үзүүлж байгаа үйлчилгээ нэмэгдэх үү?

2018 онд улсын бүртгэлийн багц хууль батлагдаж, хэрэгжилтийг хангах хүрээнд burtgel.mn цахим хуудсаар анх удаа улсын бүртгэлийн зарим мэдээллийг нээлттэй байршуулж, цахимаар лавлагаа, бүртгэл зэрэг үйлчилгээг үзүүлж эхэлсэн. 2020 оны 10 дугаар сараас эхлэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох е-mongolia.mn системээр нэг шатлалт лавлагаа болон хоёр шатлал бүхий улсын бүртгэлийн үйлчилгээ болох иргэний үнэмлэх, гадаад паспорт дахин захиалах үйлчилгээг нэвтрүүлсэн.

Жишээ дурдахад улсын хэмжээнд үзүүлж байгаа иргэний үнэмлэх, гадаад паспортын нийт бүртгэлийн үйлчилгээний 5-9 хувь орчмыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох e-mongolia.mn системээр дамжуулан авч байна гэсэн судалгаа гарсан. Мөн бусад бүртгэлийн хувьд ч гэсэн цахимаар бүртгүүлсэн тоо өссөн дүнтэй байна. Тэгэхээр энэ хэрээр улсын бүртгэлийн үйлчилгээг иргэн манай байгууллагад биечлэн ирэх шаардлагагүйгээр авч байгаа нь нэг талаас байгууллага, нөгөө талаас иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэсэн үр дүнтэй ажил болж байгаа.

2021 онд цахимаар 30 улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөсөн байсан. Гэхдээ энэ төлөвлөсөн үзүүлэлтийг бараг 2 дахин нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар энэ системээр манай байгууллага нийтдээ 59 улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байна.

Харин 2022 онд дийлэнх үйлчилгээг буюу нийт 110 орчим үйлчилгээ болгон өсгөж, улсын бүртгэлийн үйлчилгээг цахимаар үзүүлэхээр боломжийг бүрдүүлж, нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Энэ ажлыг хийхэд улсын бүртгэлийн үйлчилгээний нийт төрлийн 80 гаруй хувийг цахимаар үзүүлэх боломжтой болно гэсэн үг.

Харин иргэний улсын бүртгэлийн тухайд энэ жил хамгийн их жин дардаг бүртгэлийн нэг болох шилжилт хөдөлгөөний бүртгэлийг цахимаар бүртгэх боломжийг бүрдүүлж, эхний улиралд багтаан нэвтрүүлнэ. Мөн иргэний улсын бүртгэлийн гэрчилгээ дахин авах зэрэг нэлээдгүй үйлчилгээг цахимаар үзүүлж эхэлнэ. Үүнийг дагаад мөн үйлчилгээгээ илүү чанартай үзүүлэхийг зорилгоо болгож, илүү анхаарна.

Мөн манай байгууллага улсын бүртгэлтэй холбоотой лавлагаа, мэдээллийг хууль хяналтын байгууллагад холбогдох хууль тогтоомжийн дагуу өгдөг. Лавлагаа, мэдээлэл нь цаасан хэлбэртэй байх, заавал гарын үсэг, тамга, тэмдэгээр баталгаажсан байх зэрэг нотлох баримтын шаардлага хангуулах шаардлагыг тавьдаг нь 2 талдаа маш их цаг хугацаа, цаас, хүний нөөц зэрэг зардлыг бий болгодог. Тэгвэл энэ жилээс уг асуудлыг шийдвэрлэж бүрэн цахимаар мэдээлэл солилцохоор ажиллаж байна.

Энэ онд иргэний улсын бүртгэлийн чиглэлээр өөр ямар томоохон ажил хийхээр төлөвлөсөн бэ? Саяхан УИХ Цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан, энэ хуулиар танай байгууллага цахим гарын үсэг олгоно гэсэн зохицуулалт тусгагдсан гэсэн, хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

Энэ онд хийгдэх хамгийн том ажил бол Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 сарын 17-ны өдөр баталсан, 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлж, 16 насанд хүрсэн Монгол Улсын бүх иргэнд тоон гарын үсгийг улсын бүртгэлийн байгууллагын бүх нэгж, Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн болон консулын газраар дамжуулан үнэ төлбөргүй олгох томоохон ажлыг үе шаттай зохион байгуулна.

Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлэх, иргэдэд энэ бололцоог олгохын тулд улсын бүртгэлийн байгууллага бэлтгэл ажлаа одооноос хангаад явж байна. Ер нь тоон гарын үсэгтэй болсоноор цахим орчинд тухайн иргэн өөрийгөө таниулж, баталгаажуулах, аливаа нэг хэлцэл хийх зэрэг үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаагаараа маш том өөрчлөлт, шинэчлэлийг авчирч байгаа. Үүнийг хэрэгжүүлсэнээр цахим үндэстэн болох, цахим шилжилт хийхэд томоохон түлхэц болно гэж бодож байна.

Сүүлийн үед регистрийн дугаарыг байхгүй болгож, оронд нь иргэний бүртгэлийн дугаар олгох гэж байгаа талаар, энэ нь ямар нэгэн бүртгэлийн будлиан үүсгэх нь гэсэн хардлага, тодорхойгүй, зөрүүтэй мэдээллүүд яваад байна энэ талаар Та тодорхой мэдээлэл өгнө үү? 

Нийгмийн сүлжээнд энэ талаар үндэслэлгүй мэдээлэл нэлээд гарсан, иргэд ч нэлээн төөрөгдөж буруу мэдээлэл авсан байх. Тиймээс албан ёсоор хэлэхэд регистрийн дугаарыг байхгүй болгохгүй, халахгүй, тийм боломж ч байхгүй гэдгийг хэлье. Харин 2018 онд батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар улсын бүртгэлийн мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаартай мэдээллийг ангилан тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл, нээлттэй хаалттайгаас бусад мэдээллийг хязгаартай мэдээлэлд тооцож, тухайн иргэний зөвшөөрлөөр мэдээллийг өгөхөөр хуульчилж, хэрэгжүүлж байгаа.

Тэгвэл регистрийн дугаар нь тухайн иргэний төрсөн болон бүртгүүлсэн газар, төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг хувийн мэдээллийг агуулсан байдаг. Энэ утгаараа саяны миний хэлсэн хязгаартай мэдээлэлд багтаж байгаа юм. Гэтэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 20 гаруй хуульд регистрийн дугаарыг шаардаж, аливаа нэг баримт бичигт илээр бичих зэрэг асуудал байна. Иймд регистрийн дугаарыг, хүний хувийн мэдээллийг ил болгохгүйгээр мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах асуудлыг судалж байна.

Нөгөөтэйгүүр регистрийн дугаар нь өөрөө миний сая дурдсан мэдээллүүдийг агуулдаг учраас энэ мэдээллүүд өөрчлөгдсөн тохиолдолд дагаад өөрчлөгддөг. Тухайлбал, шүүхийн шийдвэрээр нас тогтоолгосон, эсхүл хүйс өөрчлөгдсөн, иргэний улсын бүртгэлийн мэдээлэл болон иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн мэдээлэл зөрүүтэй бол улсын байцаагчийн дүгнэлтээр хүчингүй болгож, өөрчилж олгож болдог.

Тиймээс цахим харилцаа хөгжиж байгаа энэ үед тухайн иргэнийг бүрэн илэрхийлэх боломжтой, амьдралынх нь туршид ганц удаа олгогддог, давхардахгүй, өөрчлөгдөггүй, хувийн мэдээллийг агуулаагүй, гэхдээ тухайн хүнийг илэрхийлэх дугаар буюу иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд илүү түлхүү хэрэглэх шаардлага байна.

Таны хэлсэн иргэний бүртгэлийн дугаар одоо иргэнд олгогдсон байгаа юу?

Төрийн бодлого, шийдвэрээр 2010 оноос эхлэн иргэний шинэчилсэн бүртгэлийг явуулсан. Үүний үр дүнд Монгол Улсын бүх иргэнд иргэний бүртгэлийн мэдээллийн сангаас 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаарыг олгосон. Энэ дугаарыг иргэний үнэмлэхийн ар талд байдаг QR-ийг уншуулбал мэдэх боломжтой. Тэрнээс цоо шинэ дугаар одоо олгох гээд байгаа асуудал байхгүй аль хэдийн нэвтэрсэн, одоо ч зарим үйл ажиллагаа энэ дугаар дээр тулгуурлаад үндэслээд явагдаж байгаа. Өнөөгийн нөхцөлд илүү түгээмэл ашиглах шаардлага л байна гэж үзсэн. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Цахим бодлогын түр хорооны шийдвэрээр нэг иргэн-нэг бүртгэл хөтөлбөрийн хүрээнд төрөлжсөн бүртгэлийн мэдээллийг иргэний бүртгэлийн дугаарт үндэслэн бүртгэж, ашиглах асуудлыг судалж шийдвэрлэх үүргийг Засгийн газарт чиглэл болгосон байдаг.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд иргэний улсын бүртгэлийн дугаар болон тоон гарын үсгийг улсын болон төрөлжсөн бүртгэлийн үйлчилгээнд бүрэн нэвтрүүлэн бүртгэлжүүлэхээр заасныг дурдах нь зүйтэй байх. Ер нь улсын бүртгэл, мэдээллийн сан өөрөө суурь бүртгэл, суурь мэдээллийн сан бөгөөд төрөлжсөн бүртгэл нь улсын бүртгэлийн мэдээлэлд үндэслэхээр хуульчилсан. Тиймээс төрийн байгууллага болон бусад байгуулага өөр хоорондоо мэдээлэл солилцохдоо иргэний бүртгэлийн дугаарыг ашиглана.

Цахимын гэж нэрлэгдэх Цахим гарын үсгийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль зэрэг хуульд иргэний бүртгэлийн дугаартай холбоотой зохицуулалт орсон уу?

Одоогоор эдгээр хуульд төрийн мэдээлэл сэтгүүлд албан ёсоор нийтлэгдээгүй байгаа тул тодорхой мэдээлэл, зохицуулалтыг тухайлан ярих боломж алга. Гэхдээ 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих Цахим гарын үсгийн тухай хуулиар иргэн, хуулийн этгээд нэмэлт тоон гарын үсэг авах бол иргэний бүртгэлийн дугаарт тулгуурлаж хүсэлт гаргахаар, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар мэдээлэл хариуцагч мэдэгдэл хүргэх системийг ашиглан хүн, хуулийн этгээдэд тодорхой тохиолдолд цахим хэлбэрээр мэдэгдэл хүргэх асуудлыг тусгасан, энэ мэдэгдэл хүргэх системд цахим шуудангийн хаяг үүсгэхээр бол иргэний улсын бүртгэлийн дугаарт үндэслэхээр заасан зэрэг зохицуулалт орсон гэж ойлгож байгаа.