2021.12.16

Ц.Даваасүрэн: УИХ онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн дээд хяналтаа тавьдаг байх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.16\ нэгдсэн хуралдаанаар  Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

 Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ хуулийг дэмжиж байгаа. Нэг зүйлийг тагнуулынхнаас асууя. Хоёр жилийн өмнө баахан компьютертэй гадны иргэнийг илрүүллээ гээд бөөн сенсаци болсон хэрэг юу болсон бэ? Арван хэдэн мянган сим худалдсан оператор компани яасан бэ? Ямар хариуцлага тооцсон бэ? Хяналтын нэгж байгуулах гээд байгаа шүү дээ. Үүндээ мөрдөн шалгах ажиллагааг оруулж өгөх хэрэгтэй. Гүйцэтгэх ажиллагаанууд бүр дампуурч байна. С.Зоригийн хэрэг яагаад шийдэгдэхгүй байна гэвэл энэ дутагдаж байна. Америкт иймэрхүү хэргүүдийг холбогдох байнгын хороондоо авчираад Библи уншуулж байгаад илрүүлчихдэг. Хууль тогтоох дээд байгууллага нь гүйцэтгэх ажиллагаа нурж байгааг, гүйцэтгэх ажиллагаанд янз бүрийн юм явагдаад байгааг, шүүх дээр явагдаж байгаа буруу явж байгаа зүйлсийг өөр дээрээ авчирч асууж, лавлаж тодруулдаг байх ёстой.

Тиймээс Хяналтын хуулиа намрын чуулганаар багтааж гаргаад, мөрдөн шалгадаг үйл ажиллагааг Их хурал дээрээ бий болгоод явуулдаг болохгүй бол С.Зоригийн хэрэг шиг хэрэг хэзээ ч илрэхгүй. Америкт Сенат дээрээ ярьчих юм байна. дэлбэрэлт боллоо гэхэд үйл ажиллагааг нь шууд Сенат дээрээ авчираад ярьчихаж байна. Манайх яагаад тэгэж болдоггүй юм. Тэгэхгүй бол улс төрийн хэргүүд хэзээ  ч илрэхгүй.

Прокурор нь үнэн, Хууль зүйн сайд нь ч худлаа гээд сууж байгаа. Үнэн мөн нь тогтоогддоггүй хэргүүд дээр УИХ онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн дээд хяналтаа тавьдаг байх хэрэгтэй. Аягүй бол тагнуулынхан нууц мууц гээд балайрч магадгүй. Их хурлаасаа нуудаг ямар нууц байдаг юм бэ? Тэр гадны 800 хүний асуудлыг яасан? Холбооны компанид ямар хуулийн хариуцлага ногдуулсан бэ? Яг одоо төрийн эрх барих дээд байгууллагадаа хариул. Тэр хэрэг бүр таг чиг болж байна.

Хууль гарах яах вэ, ноцтой зүйл дээрээ яаж хандаж байгаад бид хяналт тавих ёстой. Хүчний байгууллагууд дээр Их хурал онцгой эрхээ эдлэх хэрэгтэй. Авлигынхан яг авлигаа шалгаж байна уу, өөрсдөө нийлчихээд явж байна уу? Цагдаа хүчний байгууллагууд янз бүрийн юм сонсогддог ч бид нар шударга шүүх байгуулж байна гэж яриад байгаа  ч бодитойгоор шинээр баталсан хуулиуд хэрэгжиж байна уу, үгүй юу? Үүнийг хууль хүчний байгууллагууд дээр анхааруулах цаг болсон. Сая Их хурал дээр ч гэсэн тэгэж хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн асуултад холбогдох албаны хүмүүс хариуллаа.

Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Мэдээлэл өгч чадахгүй хүнийг битгий энд суулга. Битгий авчирч бай. Хариуцлагыг нь хүлээлгэ. Энэ мөчөөс эхлээд хүчний байгууллагуудтайгаа Их хурал хариуцлага тооц. Тэгэхгүй бол ийм болно шүү дээ. Их хурлаа үл тоосон, Төрөө үл тоосон. Хариулт өгч чадахгүй хүмүүсийг яах гэж энд суулгаж байгаа юм бэ? Газрын дарга нар орж ирээд юм ярьдаг болсон. Хуулиараа бол дэд сайдаас дэд албан тушаалтан, хариулт өгч чадах ёстой хүн энд суух ёстой. Их хурал ийм байж болохгүй. Нэг хүн орж ирчихээд “ - Би ийм юм ярих хүн биш, даргаасаа асууя. Тань руу бичиг явуулья гэж төрөөрөө тоглодгоо болих хэрэгтэй. Боль” гэлээ.