2022.01.06

Б.Баттөмөр: Өнөөдрийг хүртэл ТББ-ын хэлбэрийг зөв тодорхойлж чадаагүй

УИХ-ын өнөөдрийн /2022.01.06/ нэгдсэн хуралдаанаар Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Өнөөдрийг хүртэл ТББ-ын хэлбэрийг зөв тодорхойлж чадаагүй. Төрийн бус байгууллагын хууль нь Сангийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулаагүйгээс бусад хуультай уялдахгүй байна. Иймээс Сангийн тухай хуулийг тусгайлан хууль болгох гэж буй саналыг дэмжиж байна. Гэхдээ бичигдээд ороод ирсэн хууль "түүхий" байна.

2021 оны эцсийн дүнгээр 27 мянга орчим ТББ бүртгэгдсэн. Үүний 1800 орчим нь сангийн хэлбэртэй байна. Бүртгэгдсэн ТББ-ын 50 орчим хувь нь үйл ажиллагаа явуулдаг. Нийт ТББ-ын 20 орчим хувь нь Сангийн яамд тайлангаа хүргүүлдэг аж.

Сангийн үйл ажиллагаа, тоо өсөлттэй холбоотойгоор харилцааг Төрийн бус байгууллагын хуулиар бүрэн зохицуулж чадахгүй байгаа учраас Сангийн тухай хуулийг баталж, хэрэгжүүлэх нь чухал байгаа юм.

Энэ хуулиар Засгийн газрын тусгай сан, хөрөнгө оруулалтын сан, Иргэний нийгмийг дэмжих сан зэрэг олон улсын сангууд энэ хуулиар зохицуулагдахгүй.

Сангуудын үйл ажиллагааг төлбөртэй үйлчилгээ үзүүлэх, олсон орлогоо зарцуулах, шинэчлэх чиглэлийг хуульд яаж тусгасан бэ?

Бүртгэлтэй төрийн бус байгууллага, сангийн 50 гаруй хувь ажилладаггүй гэнэ. Тэдний хариуцлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны ил тод байдлыг яаж тусгасан бэ?

Манай сангууд олон улсын байгууллагаас хандив, тусламж авдаг. Цугларсан хандивын тайланг хуулийн төсөлд яаж тусгасан бэ?

Төрийн чиг үүргийг Сангаар дамжуулан гэрээлэн гүйцэтгэх зарчмыг хэрхэн тодорхойлж байгаа вэ?

Сангууд ашгийн төлөө бус байгууллагаар халхавчилж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа нь нууц биш. Хуулийн төсөлд хэрхэн тусгах вэ?

Сангуудаар дамжуулж мөнгө угаах, далд эдийн засгийг бий болгож байгаа тухай ярьдаг. Үүнийг яаж зохицуулах вэ? Зогсоох арга бий юу?

Түүний асуултад ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго хариуллаа.