2021.12.22

Өвөрхангайн багш нар боловсролын хуулийн шинэчлэлийг хэлэлцэв

Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн С.Чинзориг тойрогтоо ажиллаж, Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг БШУЯ, Аймгийн БСУГ-тай хамтран зохион байгууллаа.

Аймгийн бүх сургууль, цэцэрлэг, Политехник коллежийн төлөөлөл хэлэлцүүлэгт 260 гаруй багш, ажилтан хамрагдаж хуулийн шинэ төсөлтэй холбоотой саналаа хэлж, санаа оноогоо нэмэрлэн ажил хэрэгч оролцсон. Үүнээс өмнө бид багш нараас Боловсролын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотой саналуудыг хүлээж авч холбогдох хүмүүст хүргэж байсан бөгөөд энэ удаа манай боловсролын салбарынхан Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчлэлд зайлшгүй тусгах нь зөв гэж үзсэн олон чухал саналыг хэлсэн юм.

Тухайлбал, багш ажилтныг дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэх замаар орон нутагт залуу, чадварлаг багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах, хүүхэд хамгааллын бодлогыг Боловсролын хуультай уяж, энэ чиглэлд онцгой анхаарах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийг үүрэг оролцоог нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгт сэтгэл зүйч ажиллуулах, цэцэрлэгт хоол зүйч, эмч, биеийн тамирын багштай болох, дотуур байрны багшийн ажлын үнэлэмжийг дээшлүүлэх, ахмад багш нарын туршлага мэдлэгийг залуу үед өвлүүлэх, багш бэлтгэж буй сургуулиудын чанарыг сайжруулах, орон нутагт сурах бичгийн хүртээмж муу байгааг засах, сурах бичгийн агуулгыг шинэчлэх, хүүхдийг амьдрах ухаанд сургаж, эрүүл, зөв хүн болгон төлөвшүүлэхэд анхаарах зэрэг олон асуудлыг онцгойлон үзэж хуульд тусгах нь зөв гэж байлаа.

Мөн багш нарын тэтгэврийн насыг наашлуулах, ялангуяа цэцэрлэгийн багшийн хөдөлмөрийн нөхцөлийн ангиллыг өөрчлөх тал дээр анхаарахыг хүслээ. Орон нутгийн багш нар бүх нийтийг 12 жилийн боловсролтой болгоно гэдэгт өөр өөр байр суурьтай байгаагаа ч илэрхийлсэн.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn