Д.Ганхуяг гишүүн ор үндэслэлгүй гүтгэлгийг эрс няцаав
2012.06.14

Д.Ганхуяг гишүүн ор үндэслэлгүй гүтгэлгийг эрс няцаав

УИХ-ын Д.Ганхуяг Төрийн ордонд хэвлэлийн хурал зарлан хуралдуулж, өөрийн нь талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ор үндэслэлгүй, гүтгэлэг бүхий худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байгаад няцаалт хийлээ.

Д.Ганхуяг гишүүний эсрэг сонгуулийн кампанит ажлыг сөрөг хүчний зүгээс идэвхжүүлж, интернэт сайтуудад нэг хувилбар бүхий худал гүжирдлэг тавигдсаар байгаа юм. Тухайлбал, 2012 оны 6 дугаар сар 12-ны өдөр www.olloo.mn, www.top.mn, www.factnews.mn, www.uls.mn, www.signal.mn, www.papparatsi.mn, www.chukhal.mn, www.saak.mn, www.bolod.mn, www.olloo.mn, www.mixx.mn, www.secret.mn, www.fact.mn, www.shock.mn, www.yanaa.mn гэсэн 14 интернэт сайтуудын онцлох мэдээ буланд “Бридж Д.Ганхуягийн үнэн төрх” гэсэн ор үндэсгүй гүтгэлэг бүхий мэдээллийг нийтэлж, түүний болон хуулийн хүрээнд хувь эзэмшдэг “Бридж групп”-ынх нь нэр хүндэд хууль бусаар халдаж байгааг мэдэгдлээ.


2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр www.mass.mn, www.bolod.mn зэрэг сайтуудаар “Хэвлэлийн дайсан Д.Ганхуяг ард түмний халаасыг ухахаа боль”, “Д.Ганхуяг хүний аминд хүрсэн гэж үү” гэсэн ор үндэсгүй, гүтгэлэг бүхий мэдээлэл цацагдсаар байгаа юм. Маргааш худалдаанд гарах сонинуудын дугаарт ч Д.Ганхуяг гишүүний эсрэг гүтгэлгийг МАН-ын зүгээс мөнгө өгч, нийтлүүлэхээр захиалсан байгаа ажээ.Тэрбээр өөрийнх нь болон “Бридж групп”-ын нэр хүндэд бүдүүлгээр халдаж, улмаар Монгол, Японы харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц ор үндэсгүй, тооцоо судалгаагүй, гүтгэлэг бүхий мэдээлэл нийтэлж байгаад харамсаж буйгаа илэрхийллээ.


Өмнө нь ч түүнийг олон удаа ийнхүү гүтгэхэд тэрбээр дуугүй явсаар иржээ.Япон улсын Засгийн газар шилжилтийн үед буюу 2010 оныг хүртлэх хугацаанд Монгол Улсад 1.08 орчим тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, 800 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээл үзүүлжээ. Энэ зээл тусламжийн дотор “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар 280 гаруй сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг шинээр барих болон өргөтгөхөд 20 гаруй сая ам.доллар зарцуулсан байдаг аж.Хамгийн анхны “Өвсний үндэс” хөтөлбөр 1989 оноос эхэлж хэрэгжсэн ба нэг төслийн төсөв нь 125 мянган ам.доллар хүртэл байдаг байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Бридж констракшн” ХХК эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн барилга болон өргөтгөл, засварын гэсэн 4 ажлыг Хөвсгөл, Архангай, Улаанбаатарт хэрэгжүүлсэн. Манай улсад “Өвсний үндэс” хөтөлбөр хэрэгжээгүй сум, аймаг, дүүрэг ховорхон бөгөөд нийт 250 орчим “Өвсний үндэс" хөтөлбөр хэрэгжжээ.


“Өвсний үндэс” хөтөлбөрийг Японы элчин сайдын яам, Засаг дарга болон холбогдох төрийн байгууллагын хүсэлтийг үндэслэн гүйцэтгэгч компаниудын дунд тендер зарлаж, шийдвэр гаргаж гүйцэтгэлийг хянадаг. Гэтэл тусгаар тогтносон хоёр орны хамтын ажиллагаан дээр УИХ-ын гишүүний хувьд, Монгол-Япон парламентын бүлгийн дэд даргын хувьд хувийн тоглолт хийж хувьдаа ашигладаг, Япон улсаас ирэх буцалтгүй тусламж, “Өвсний үндэс” хөтөлбөрийг шүүрдэн авдаг гэж гүтгэжээ.УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Би 2004 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд энэ хөтөлбөр намайг УИХ-ын гишүүн болохоос 15 жилийн өмнө эхэлсэн, мөн энэ төслийг шийдэх, хэрэгжүүлэхэд миний зүгээс оролцох боломжгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм.


Монгол Улсын “Ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” Японы буцалтгүй тусламжаар хэрэгжих төсөл 2000 оноос эхэлсэн байна. Энэ төслийг Монголын талаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Японы талаас Японы Засгийн газрын гадаадын зээл тусламжийг хэрэгжүүлэгч ЖАЙКА байгууллага хамтарч хүн ам ихээр төвлөрөх болсон Нийслэл, Дархан болон Эрдэнэт хотод хэрэгжүүлж ирсэн байна.ЖАЙКА байгууллага, Японы зөвлөх компани, Монголын БСШУЯ-ны оролцоотойгоор уралдаант шалгаруулалтаар төслийн ерөнхийлөн гүйцэтгэгч компаниудыг шалгаруулдаг. Энэ үйл явц нь Японы Засгийн газрын нэр хүндтэй холбоотой учир уг төслийн ерөнхий гүйцэтгэгч Японы компани барилгыг чанартай барьж чадах туслан гүйцэтгэгчийг өөрсдөө сонгох эрхтэй байдаг.

Энэ төслийг хэрэгжүүлэх хугацаанд манай барилгын компаниудаас Дархан төмөрлөг, Суурь, МЕС, ХИМОН, Улаанбаатар констракшн, Бридж констракшн зэрэг компаниуд сонгогдон шалгарч байжээ.Төслийн ерөнхийлөн гүйцэтгэгч компаниас туслан гүйцэтгэгч компаниар нэг сургуулийн барилгын ажлыг нийт талбайн хэмжээнээс шалтгаалж 400.000-800.000 ам.доллараар гэрээний дагуу гүйцэтгүүлж ирсэн. Энэ төслийн хүрээнд ойролцоогоор нийт 20.000 орчим суудалтай 40 гаруй сургууль баригджээ.“Бридж констракшн” компани анхнаас нь шалгарч ирсэн шалтгаан нь, компанийн захирал Японд их сургууль төгссөн япон хэлтэй хүн байдаг.

Нөгөө талаас энэ компанид япон инженер ажилладаг.Гэтэл нийтлэлд 1 сургуулийн барилгыг 3 сая ам.долларын төсөвтэйгөөр барьдаг гэж гүйтгэсэн байна. Энэ компани тус төслийн туслан гүйцэтгэгчээр ажиллахдаа захиалагчийнхаа итгэл найдварыг алдаж байгаагүй байх аа.Энэ нийгэмд ямар ч аж ахуйн нэгж захиалагч, үйлчлүүлэгчийнхээ итгэлийг алдахгүй байхад гол анхаарлаа төвлөрүүлдэг жамтай. Энэ ажлаа сайн хийж чадаж байвал, тухайлбал барилга барьдаг компани барилгаа, зам тавьдаг нь замаа тавиад явдаг нь хэнд ч ойлгомжтой. Бодит үнэн ийм л байна. Мөн энэ төсөл нь намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө эхэлж байсан байна.Би “Өвсний үндэс” болон “Ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” төсөл ч бай, ямар ч төсөл дээр Монголын энэ компанийг шалгаруулаад өгөөч гэж Японы төрд ажилладаг болон Японы төсөл хэрэгжүүлэгч компаний нэг ч хүнд хэлж үзээгүй гэдгээ хэлэх байна.

“Би Баянзүрх дүүрэгтээ гадаадын зээл тусламжийг татахаар ажиллана аа. Аймгийн Засаг дарга нар шиг төсвийн мөнгөөр хөшөө бариад суухыг хүсэхгүй байна. Эрх баригчид авлигын мөнгөө хайр найргүй цацаж байна. Өмнө нь би Японы талд энэ асуудлаар хандаагүй байсан. Ойрын хугацаанд Элчин сайд байр сууриа илэрхийлэхээ мэдэгдсэн байна” гэлээ.Энэхүү хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн З.Энхболд, шог зураач С.Цогтбаяр нар оролцсон юм. Шог зураач С.Цогтбаяр “Оюуны салбарт хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн санааг зовоож байгаа асуудал бол бие биенийхээ оюуны бүтээлд халдаж, бүдүүлгээр ашиглах явдал. Сайт үзэж суугаад зургаа харлаа. Нэлээн олон янзаар янзалсан байна. Хүний бүтээлийг зөвшөөрөлгүйгээр авах нь хулгай. Ганхуяг гишүүн бид хоёр эртний найз нөхдүүд. Цаашид энэ мэт гүтгэлэгтээ миний бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглавал би оюуны өмчөө хамгаалахын тулд арай өөрөөр ярих болно.

Энэ мэт кампанит ажлууд цаашид ч өрнөх шинжтэй” гэж хэллээ.УИХ-ын гишүүн З.Энхболд “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.24-д нам, эвсэл, нэр дэвшигч өөрийн бэлтгэсэн гүтгэлгийн чанартай нийтлэл, материалыг хэвлэн нийтэлвэл 7-9 сая төгрөгөөр торгох, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах заалттай. Энэ 14 сайт, сонинууд энэ заалт дагуу торгуулах болзлоо хангасан байгааг өгүүллээ. Мөн хуулийн 35.25-д хэвлэлийн байгууллага өөрөө зохиож хүний нэр төрд халдаж, гүтгэвэл 4.9-7 сая төгрөгөөр торгуулна. Тэгэхээр хүн гүтгэх аюултай болсон. Уулчлал гуйгаад өнгөрөх биш, цаашилбал Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйл анги ч бий.

Ялангуяа сонгуулийн сурталчилгаа ид явагдаж буй энэ үеийг хуулинд тусгайлан зохицуулсан байгаа. Д.Ганхуяг гишүүний жишээнээс ч харахад, ер нь Ардчилсан намыг янз бүрээр гүтгэж байгаа. Энэ бүх гүтгэлгийг бэлтгэж, хэвлүүлж байгаа нам эвсэл, хэвлэл мэдээллийн байгууллага хэцүүхэн ялд унахыг анхаарууллаа.Хэвлэлийн хурлын төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Ардчилсан нам сонгуульд ялалт байгуулах боломж өндөр байгаа. Сонгуульд бид ялалт байгуулсны дараа улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудыг бүгдийг нь төрд эргүүлэн авна гэж ойлгож байсан. Илтэд ор үндэсгүй, ингэж гүтгэж байгаа бол сонгуулийн хугацаанд дээрх ордуудыг эрх баригчдаас буцааж авах тэмцлийг ард түмэнтэйгээ хамт хийх болно” гэж мэдэгдлээ.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.