Улсын төсвийн хөрөнгөөр Сэлэнгэ аймагт бүтээн байгуулалтын 55 ажил хийж гүйцэтгэнэ
2021.11.12

Улсын төсвийн хөрөнгөөр Сэлэнгэ аймагт бүтээн байгуулалтын 55 ажил хийж гүйцэтгэнэ

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль батлагдлаа. 2022 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймагт хийгдэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын ажлын албанаас танилцуулж байна. 2022 оны Улсын төсвийн хөрөнгөөр нийт 55 ажил хийж гүйцэтгэхээр болжээ. 

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумыг жишиг сум болгох, Сүхбаатар сумын цэвэрлэх байгууламжийн их засвар, шинэчлэл хийх, Орхонтуул сумын Орхон голын төмөр бетон гүүр, Ерөө болон Хүдэр сумын Соёлын төвийн барилга барих гэх мэт сумдад зайлшгүй хийх шаардлагатай асуудлыг тусгуулсан байна. 

Хүүхэд хөгжлийн чиглэлээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Хүүхэд хамгаалал хөгжлийн төвийн барилга, Хүүхэд залуучуудын парк, Нөхөн сэргээх, хүүхэд хөгжил, сургалтын төвийн барилга, 150 ортой цэцэрлэгийн барилга зэргийн санхүүжилтийг Улсын төсөвт тусгуулж чаджээ. 

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баянгол суманд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилга, Сүхбаатар суманд аймгийн хүнс, хөдөө аж ахуйн лабораторийн барилга, Цагааннуур сумын сургуулийн хичээлийн А байрны их засвар гэх мэтчилэн нэн чухал асуудлуудыг 2023-2024 он багтаан шийдвэрлэж, Сэлэнгэчүүд бүтээн байгуулалтын үр өгөөжийг удахгүй хүртэх нь.