Ц.Мөнхцэцэг: Хүн бүрт чанартай боловсролыг тэгш хүртээх явдал бол Боловсролын реформын гол зорилго байх ёстой
2021.10.30

Ц.Мөнхцэцэг: Хүн бүрт чанартай боловсролыг тэгш хүртээх явдал бол Боловсролын реформын гол зорилго байх ёстой

Боловсролын тухай багц хуулийн Ажлын хэсгүүдийн нэгдсэн хэлэлцүүлэг боллоо.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Боловсролын тухай багц хуулийн тухай өөрийн бодлоо цахим хуудсаараа хуваалцлаа.

Тэрээр: Монголын нийгэм эдийн засгийн шилжилтийн 30 жилийн үйл явцыг эргэн харж, боловсролын салбарт гарсан алдаа оноогоо дүгнэж байна.

Өнгөрсөн 30 жилд боловсролын салбарт ашгийн төлөөх хандлага давамгайлж, боловсрол бизнес болсны улмаас эцэг эх, гэр бүлийн орлогын ялгаа, нийгэм эдийн засгийн статусаас хамаарч хүүхэд бүр чанартай боловсрол олж авах байдал харилцан адилгүй болж тэгш бус байдал гүнзгийрсэн билээ.

Хэрэв бид одоо л боловсрол дахь тэгш бус байдлыг хязгаарлахгүй бол, нийтийн боловсролоо дэмжихгүй бол нэг их удахгүй Монголын нийгэм анги давхаргын асар их ялгаатай кастын нийгэм болж хувирах аюулд орно.

Тийм учраас “Хүн бүрт чанартай боловсролыг тэгш хүртээх явдал бол Боловсролын реформын гол зорилго байх ёстой” гэдэг дээр хатуу байр суурьтай байгаагаа Ажлын хэсгийн гишүүний хувьд илэрхийллээ.

Боловсролын байгууллага ашгийн төлөө байж болохгүй. Боловсролын ерөнхий хуулинд “Боловсролын байгууллага нь ашгийн төлөө бус, эсвэл ашгийн төлөө байж болно” гэсэн заалт орсныг эсэргүүцэж байна.

Олон улсын чиг хандлага бол боловсрол бол бүх нийтийн сайн сайхны төлөөх (public good) үйл хэрэг гэж үзэж төрөөс үнэ төлбөргүй чанартай боловсролыг хүн бүрт олгох явдал юм гэжээ.