“Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк” ОНӨААТҮГ-тай холбоотой үүссэн нөхцөл байдлыг судлах ажлын хэсэг хуралдав
2021.10.20

“Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк” ОНӨААТҮГ-тай холбоотой үүссэн нөхцөл байдлыг судлах ажлын хэсэг хуралдав

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн захирамжаар “Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк” ОНӨААТҮГ-тай холбоотой үүссэн нөхцөл байдлыг судлах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулсан билээ. Ажлын хэсгийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч , Хурлын хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга М.Говьсайхан ахалж байгаа юм.

Ажлын хэсгийн ээлжит хурал /2021.10.20/-ны өдөр болж, Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк орчмын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, нийслэлийн хэмжээнд тэсэрч, дэлбэрэх бодисын үйлдвэр, агуулахын үйл ажиллагааг төвлөрүүлэхээр төлөвлөгдсөн байршил, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахын аюулгүйн бүс нь тус парк болон бусад байгууллагын эзэмшлийн газартай давхацсан эсэх талаар мэдээлэл сонсов.

Түүнчлэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж санал солилцлоо. Тодруулбал, "Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк" ОНӨААТҮГ-ын орчимд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн агуулах болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг 4 аж ахуй нэгж байгаа юм. Гэхдээ энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад аюулгүйн бүсийн хэмжээг стандартаар зааж өгсөн байдаг. Тиймээс уг байршилд "Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк" ОНӨААТҮГ үйл ажиллагаагаа явуулах эсэх, мөн эдгээр дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулах эсэх дээр зөрчил үүсээд байгаа аж.

Хурлын үеэр уг ажлын хэсгийн ахлагч М.Говьсайхан “Хотын ерөнхий төлөвлөлтөөр тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэр, агуулахын үйл ажиллагааг Багахангай дүүрэгт явуулахаар төлөвлөсөн байдаг. Гэтэл эдгээр байгууллагууд төлөвлөлтөөс өмнө суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болсон байна. Аж ахуй нэгжүүдийг яаж хохирол багатайгаар хотын ерөнхий төлөвлөлттэй уялдуулах вэ гэдэг дээр ажлын хэсэг санал, дүгнэлтээ боловсруулна” гэдгийг хэллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn