Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төсөл санаачилжээ
2009.07.10

Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн Д.Загджав, Г.Баярсайхан, Д.Кёкүшюзан Батбаяр, Ц.Цэнгэл нарын нэр бүхий 10 гишүүн Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.

Хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлэхээр болсон тухай өнөөдөр тэд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ мэдэгдлээ.

Монгол Улсын эдийн засгийг “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д нийцүүлэн тодорхой зорилтын дагуу хөгжүүлэх, олон тулгуурт эдийн засагтай болгох түүний дагуу аялал, жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байна.

Эдийн засгийн хөгжлийн хурдцыг сааруулахгүй байх үүднээс төр засгийн зүгээс бодлогын чанартай тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагыг үндэслэн олон улсын хэмжээнд дэлгэрсэн боловч тодорхой нөхцөл байдлын улмаас Монгол Улсад хориглоод байгаа Казиногийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулах үндсэн дээр зөвшөөрөх, тоглоомын бизнесийн үйл ажиллагаанд төрийн зүгээс тавих хяналтын тогтолцоо, арга механизмыг тодорхой болгох зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа олон улсын стандартыг харгалзан түүнд тавигдах шаардлага зайлшгүй байх зүйл заалтыг нарийвчлан тусгахыг чухалчилсан бөгөөд 1998-1999 онд УИХ-аар батлагдаад хүчингүй болгосон хууль, мөн 2003-2004 онд мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг хэсэг зуур хугацаанд зөвшөөрч явуулсан туршлагаас сургамж дүгнэлт хийж, алдаа дутагдлыг давтахгүй байхыг хичээсэн гэж төслийн танилцуулгад дурджээ.

Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн уг хуулийг баталснаар гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, улмаар улс орны эдийн засагт мэдэгдэхүйц ашгийг авчрах хууль, эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид нь үзэж байна.

Хязгаарлагдмал Казиногийн тухай хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хилийн хяналттай, газар зүйн байршлын хувьд бусад бүсээс тусгаарлагдсан хаалттай бүсэд зөвхөн гадаад орны иргэд болон уригдсан зочдыг оролцуулах эрх бүхий казино байгуулах, түүнд онцгой эрх бүхий зөвшөөрөл олгох, бүртгэх, ажиллуулах, үйл ажиллагааг нь хянах, дуусгавар болгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.