“Улаанбаатар түншлэл-2021” үзэсгэлэнд 70 гаруй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж оролцож байна
2021.10.01

“Улаанбаатар түншлэл-2021” үзэсгэлэнд 70 гаруй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж оролцож байна

Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд ХХААХҮЯ, МҮХАҮТ, НЗДТГ, ЖДҮГ-тай хамтран “Улаанбаатар Түншлэл-2021“ олон улсын үзэсгэлэнг зохион байгуулж байна.

46 дахь удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үзэсгэлэн нь цар тахлын улмаас нийгэм эдийн засаг, бизнесийн орчинд үүсээд буй хүндрэл бэрхшээл, хямралыг хамтдаа даван туулах, эдийн засаг бизнесийг сэргээх онцгой цаг үед болж байгаагаараа онцлог бөгөөд 10 дугаар сарын 3 хүртэл “Мишээл экспо” олон улсын худалдааны төвд үргэлжлэх юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ихбаяр болон Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгч нар оролцлоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин үзэсгэлэнгийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “МҮХАҮТ-аас гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, түншлэлийг бий болгох, үндэсний хэмжээнд аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нэгдсэн сүлжээнд нэгтгэх, мэдээллийг эмх цэгцтэй нэг байршилд төвлөрүүлэн нийтэд хүргэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор www.trademongolia.mn вебсайтыг ашиглалтад оруулаад байгаа бөгөөд “Улаанбаатар түншлэл-2021” үзэсгэлэнг энэхүү вебсайтаар дамжуулан олон нийтэд цахим хэлбэрээр давхар хүргэж байгаа” гэв.

Худалдааны 100 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд өргөн цар хүрээтэй оролцож, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд танилцуулж, хямдрал, урамшуулал үзүүлж байна. Үзэсгэлэнгийн Платиниум хамтрагчаар “Мобиком” корпораци, “АПУ” ХК, Гоулд хамтрагчаар “Жем интернэшнл” ХХК, “Монос” Групп, хамтрагч “Номин холдинг”, мэдээллийн хамтрагчаар МҮОНРТ хамтран ажиллаж байна.“Улаанбаатар түншлэл-2021” үзэсгэлэнд мэдээллийн технологи, эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ, хөнгөн үйлдвэрийн салбар, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, гадаад худалдааны салбарын 70 гаруй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж оролцож байна.

Ковид-19 цар тахлын хүнд нөхцөл байдалд уялдуулан, мэргэжлийн байгууллагуудаас тавьж байгаа шаардлагыг ханган зохион байгуулж буй үзэсгэлэн худалдааны хаалтын ажиллагааны үеэр шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг 11 номинациар шалгаруулж, цом өргөмжлөл гардуулах юм.