Технологи байхад асуудлын гарц олддог
Хүн амын талаас илүү нь ажиллаж амьдарч буй метрополис хотын хувьд, цар тахлын хүндхэн цаг үед Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллана гэдэг тухайн хүнээс техник технологийн дэвшлийг хурдан хүлээн авч, төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх, шинэ тутам нэвтэрч буй цахим үйлчилгээг эрчимжүүлэхээс эхлээд дэлхийн хотуудын туршлагаас нэвтрүүлэх, хотын амьдралд инновац, технологийг хэрхэн ашиглах вэ гэдгийг судлах, нэвтрүүлэх, нутагшуулах гэхчилэн сэргэг, сониуч, идэвхтэй занг шаарддаг.
Нийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn; e-mongolia цахим системээс эхлээд Улаанбаатар хотыг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх, гэрлэн дохио болон авто зогсоолын ухаалаг систем, иргэдийн өдөр тутамд авдаг төрийн үйлчилгээг хялбаршуулах, богино хугацаанд үр дүнтэй ажиллах, иргэд шаардлагатай мэдээ, мэдээллийг богино хугацаанд цахимаар авахад үе шаттайгаар шилжүүлэх зэрэг ажлыг бусад ажлуудтай нь хамт нэгэн зэрэг чадварлаг удирдан зохион байгуулж буй хүн нь НИТХ төлөөлөгч, Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр.
Үүрэгт ажилдаа томилогдоод удаагүй байх үед нь коронавируст тахлын тохиолдлууд илэрч, нийгмийн амьдрал огцом өөрчлөлтөнд шилжсэн ч Д.Ихбаяр даргын хувьд түргэн хугацаанд оновчтой шийдвэр гаргаж чаддаг болохоо харуулсан.
Үүний нэг тод жишээ нь нэвтрэлийн QR код юм. Танилт, нэвтрэлтийн QR кодыг уншуулснаар халдвартай хүнтэй ойр байсан эсэх, халдвар бүртгэгдсэн газраар үйлчлүүлсэн, орж гарсан үгүйгээ мэдэж авч өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалах боломж бүрдүүлж өгсөн нь энэ ажлын ердөө нэгээхэн хэсэг.
Цаашилбал халдварын тархалт, хавьтагчдын бодит тоон мэдээлэл гээд төрийн үйлчилгээнд ашиглагдах мэдээллүүдийг ч ганцхан код уншуулаад бүрэн дүүрэн мэдэж авна гэдэг технологийн арга ухааныг ойлгосон хүнээр удирдуулсан багийн хийж чадах ажил билээ. Инновац, технологийн төслийг хариуцаж ажиллахын онцлог нь хуучин зүйлсийг засаж сайжруулах бус цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлэх, ингэхдээ давхар иргэдийн ойлголтыг өөрчлөх, шинэ үйлчилгээгээ таниулах, хэрэглэх аргыг сурталчлах байдаг. Энэ хүндрэлийг ч гэсэн тэр туулж л яваа.
Гэсэн ч хийж буй, хийхээр зорьсон зүйлийнхээ дэвшлийг нь олж харсан учир эсэргүүцлээс нь эмээх бус ирээдүйн үнэ цэнийг нь мэдэрч ойлгосон хүний хувиар ойж ирсэн шүүмжлэл, эсэргүүцлийг ухаалгаар хүлээн авч, урагшлах зоригийг нь хүндлэмээр.
Дэлхийн улсууд өөрсдийн өмнө тулгарч буй асуудлуудаа технологи, инновацаар шийдэж, нөгөө талаасаа дэлхий ертөнцийг технологи асар хүчтэй өөрчилж буй. Тулгамдсан асуудлуудаа технологиор шийдэх гарцаа олж харж, эхнээс нь хэрэгжүүлж яваа Д.Ихбаяр даргын ажлыг өнөөдөр, энэ жил шүүмжлэх хүн олон гарах ч биелэлээ олж, нутагшсан хойно нь өдөр тутамдаа ашиглаж, ажлаа хөнгөвчлөж явахдаа туулсан замыг нь, хийсэн ажлыг нь үнэлэх хүн цөөн байх болов уу.
Гэхдээ түүний зорилго өнөөдөр, маргаашийн магтаал бус техник технологийн дэвшлийг ашиглан иргэдийн амьдралыг хөнгөвчлөх, төрийн ажлыг алхам алхмаар урагшлуулан хөгжил өөд тэмүүлэх билээ.