“Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай”, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай”, хуулийн төслүүдэд шинжилгээ хийжээ
2009.06.16

“Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай”, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай”, хуулийн төслүүдэд шинжилгээ хийжээ

Засгийн газраас УИХ-д “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай”, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай”, хуулийн төслүүдийг өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын Судалгааны төвөөс Монгол улсад шинэ тутам үүсэн бий болохоор төлөвлөж буй орон сууцны санхүүжилтийн зах зээл, түүнд оролцогч субьектуудын харилцааг зохицуулахаар санал болгож буй дээрх 2 хуулийн төсөлд шинжилгээ хийжээ.

Ипотекийн үнэт цаасны зах зээл нь үл хөдлөх хөрөнгөөр барьцаалсан зээлээр дамжуулан урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг барилгын салбарт чиглүүлэх сонгодог зах зээлийн ажиллах механизм, зохицуулалтын хувьд нарийн төвөгтэй, эрсдэлтэй зах зээлд тооцогддог.

Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд тооцоо судалгаа, бодитой үнэлгээ, мэдээлэл, гарын авлага шаардлагатай учраас УИХТГ-ын Судалгааны төвийн санаачлагаар энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэжээ. Судалгааны сэдвийн хүрээнд бусад орнуудын туршлага, ипотекийн санхүүжилтийн зах зээлийн олон улсын стандарт загваруудыг харьцуулан судалж, төслөөр санал болгож буй Монгол улсын ипотекийн санхүүжилтийн зах зээлийн загварыг /өргөн баригдсан төслийн дагуу/ тодорхойлон Монгол улсын орон сууцны санхүүжилтийн зах зээлийн дэд бүтцийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, Монгол улсын нөхцөлд тохирох ипотекийн зах зээлийн тогтолцоо болон зохицуулалтын талаар санал зөвлөмж боловсруулав. Монгол улсад бүрэлдэн бий болж буй уг зах зээл нь урт хугацаанд тогтвортой ажиллах, оролцогч бүх субъектуудын эрх ашиг тэнцвэртэйгээр хангагдсан, эрсдэл багатай, нийгмийн тодорхой бүлгийг хөнгөлөлтэй нөхцлөөр орон сууцаар хангах төрийн бодлогод нийцсэн, зээлдэгч болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан, зах зээлд зуучлагч санхүүгийн болон бусад институтын үйл ажиллагааны зардал, эрсдлийг тооцсон, манай орны нөхцөл байдалд тохирсон байх шаадлагатай гэсэн зарчмыг удирдлага болгон анхдагч болон хоёрдогч зах зээлийн тогтолцоо , эрх зүйн зохицуулалтын асуудлыг бүхэлд нь судлахыг судалгааны зорилго болгосон байна .

Судалгааны явцад Азийн хөгжлийн банкны “ҮХХЗБҮЦЗЗ-ийг Монгол улсад хөгжүүлэх нь төслийн зөвлөх Жеймс Х.Франс, USAID-ийн “Монгол банкинд моргейжийн хоёрдогч зах зээлийн дэмжих бодлого, зохицуулалтын журмуудыг боловсруулахад туслах” төслийн зөвлөх Роберто Тосо нарын тайлан, санал зөвлөмжүүд, АНУ-ын сонгодог болон шинэ загвар, Баруун Европын загвар, холимог загварууд, ипотекийн санхүүжилтийн зах зээлийн дэлхий дахины сүүлийн үеийн хандлага, ипотекийн санхүүжилтийн зах зээл нь дэлхийн санхүү эдийн засгийн хямралын эх сурвалж болсон шалтгаан, уг зах зээлийн тогтолцооны эерэг, сөрөг үр дагавар, сургамжуудыг харьцуулан судласан байна.

Судалгаанд Монгол банк, СЗХ болон холбогдох байгууллагуудын тайлан мэдээлэл, статистик мэдээлэл, хууль эрх зүйн актууд, зарим судлаачдын судалгааны тайлан, ном гарын авлага, хэвлэл мэдээллийн болон интернет эх сурвалжуудыг ашиглав.Мөн судалгааны явцад судлаачид УИХ-ын хуулийн ажлын хэсгийн хуралдаанд 2 удаа оролцов. Судалгааны сэдэв нь Монгол улсад шинэ тутам бүрэлдэн буй болох зах зээлийн харилцааг зохицуулах, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн санхүүжилтийн зах зээлийн хэлбэр боловч сүүлийн үед эдийн засгийн хямралын шалтгаан болж эерэг, сөрөг дагавраа таниулаад байгаа энэхүү зах зээлийн эрх зүйн зохицуулалтын асуудлыг судлахад чигдэгдэж байгаа учраас өргөн барьсан хуулийн төсөлд дүн шинжилгээ хийх, гишүүдэд аль болох ойлгомжтой, энгийн байдлаар төслөөр санал болгож буй ипотекийн санхүүжилтийн зах зээлийн зохицуулалтын Монгол загварыг схемчлэн үзүүлэхийг зорьсоноороо шинэлэг бөгөөд, практик ач холбогдолтой юм байна.

Судалгааны ажлыг СШОНХТ-ийн дарга Ц.Норовдондог /Рh.D/ удирдажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.