2021.07.19

“Шинэ хөдөө” төслийн нээлттэй сонгон шалгаруулалт болно

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Булган аймагт санаачлан хэрэгжүүлж буй  “Шинэ хөдөө” төсөл 2017 оноос хойш амжилттай хэрэгжиж байна.

Уг төсөл хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мал аж ахуйг эрчимжүүлэх, чацаргана тариалах, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах зэрэгт үр өгөөжөө өгч байгаа билээ.

Төслийн хөрөнгө оруулалтыг иргэдэд ил тод болгох зорилгоор нээлттэй сонгон шалгаруулалтыг Булган аймгийн 16 сум, нэг тосгонд зохион байгуулах гэж байна. Сонгон шалгаруулалтын явцыг орон нутгийн “Сайхан Монгол” телевизээр дамжуулах юм.

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай болно. Нэгдүгээр шатанд оролцохыг хүссэн иргэд төслөө долдугаар сарын 24-нд багтаан Сумын ЗДТГ-т  цаасан хэлбэрээр хүлээлгэн өгнө. Төсөл сонгон шалгаруулах баг орон нутгийн онцлогийг харгалзан сум бүрт 5 хүртэлх төслийг тодруулах юм. Эхний шатанд төсөл ирүүлэх загварыг дараах холбоосоор татаж авна уу. shorturl.at/dtwJT

Хоёр дахь шатанд тэнцсэн төсөл хэрэгжүүлэгч шүүгчдэд өөрийн төслөө биечлэн танилцуулж, хамгаална. Шүүгчдийн олонхын саналыг авсан төсөлд санхүүжилт олгох нь. Уг төсөлд Булган аймгийн иргэд, нөхөрлөл, хоршоод, аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой. Тухайн төсөлд тавигдах хэд хэдэн шаардлага бий. Тухайлбал , тухайн суманд хэрэгжих, гурваас дээш иргэнийг ажлын байраар хангах, сум, орон нутагт эрэлт, хэрэгцээтэй төсөл байх зэргийг шалгуур үзүүлэлт болгожээ. 

Дараах чиглэлийн дагуу төсөл хүлээн авна 

✓ Малын гаралтай түүхий эд боловсруулах жижиг үйлдвэрлэл /ноос, ноолуур, арьс, шир/

✓ Сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэрлэл

✓ Мал нядлах, мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах

✓ Зөгийн аж ахуй

✓ Тахианы аж ахуй /өндөг/

✓ Төмс хүнсний ногоо тарих, хадгалах, боловсруулах /зоорь, техник тоног төхөөрөмж/

✓ Хүлэмжийн аж ахуй, жимс жимсгэнэ боловсруулах

✓ Ногоон тэжээл тариалах болон үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж

✓ Талх, нарийн боовны цех

✓ Шилмэл омгийн мал үржүүлэг, үржлийн нэгж

✓ Амьдрах орчноо сайжруулах /Халуун ус, нийтийн угаалгын газар, худаг гаргах, багийн төв байгуулах гэх мэт/