Төгрөгийн нэр хүндийг өргөнө
2009.06.09

Төгрөгийн нэр хүндийг өргөнө

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, С.Бямбацогт, Г.Занданшатар нар Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн төслүүд санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.

Банкнаас гадуурхи валютын захын үйл ажиллагааны зохицуулалтын эрх зүйн орчинг тодорхой, түүнийг мэдээлэх, тайлагнах тогтолцоонд хамруулж, валютын нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс гишүүд Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар банкнаас гадуурхи валютын захын үйл ажиллагааны эрх зүйн орчин сайжран хяналттай, боловсронгуй болж, санхүүгийн хариуцлага дээшилж, улмаар гадаад валютын ханшийн зохиомол өсөлтийг арилгах, валютын захын энэ хэсгийн гадаад бэлэн валютын арилжааны мэдээ валютын захын тайлан, мэдээнд тусгагдаж, мэдээллийн нэгдсэн систем байгуулах, валютын нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдэнэ гэдгийг хуулийн төслийн таницлуулгад дурдсан байна.

Сүүлийн жилүүдэд банкны зээлийн өсөлт хурдацтай нэмэгдэж, эдийн засаг богино хугацаанд огцом тэлснээр ам.доллараар хийх бараа, үйлчилгээний эрэлт огцом өсч байгаа учраас гадаад валютын зах дээрх нийлүүлэлт буурсан нь төгрөгийн ханшийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна. Үүнтэй уялдан иргэдийн төгрөгт итгэх итгэл суларч, долларжих үзэгдэл газар авахад хүрчээ.

Тухайлбал, өнгөрсөн оны эцсээр банкны системийн нийт хадгаламж болон харилцахын 35.6 хувь нь ам.долларынх байсан бол энэ оны нэгдүгээр сарын байдлаар энэ үзүүлэлт 36.7 хувьд хүрсэн, цаашид ч эрчимтэй өсөх хандлагатай байна. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэр төсөвтэй хийх тооцоог Монголбанкнаас зарласан албан ханшаар тооцож ам.доллараар гүйцэтгэж байгаа нь төгрөгийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн бодитой, чөлөөтэй тогтож байх зарчмыг алдагдуулаад зогсохгүй гадаад валютын захын тогтворгүй байдалд нөлөөлж байгаа аж.

Иймээс зохиомол эрэлт, нийлүүлэлтийн хомсдлыг хязгаарлаж, үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх зорилгоор төсөв, гаальтай хийх тооцоог зөвхөн төгрөгөөр гүйцэтгэх, Монгол Улсын хууль тогтоомжид аливаа шимтгэл, хураамжийг зөвхөн төгрөгөөр илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж эдгээр гишүүн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.