Концессоор хэрэгжиж байгаад ажил нь зогссон боловсролын салбарын төсөл, арга хэмжээнүүдтэй танилцав
2021.08.09

Концессоор хэрэгжиж байгаад ажил нь зогссон боловсролын салбарын төсөл, арга хэмжээнүүдтэй танилцав

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг өнөөдөр /2021.08.05/ Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээтэй танилцлаа. 

Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотын алслагдсан гэр хорооллын бүсэд буюу сургууль, цэцэрлэггүй хороодод тус бүр нь 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар төлөвлөгдөн 16 байршилд ажил нь эхэлсэн ч концессийн жагсаалт 2019 онд Засгийн газрын тогтоолоор хүчингүй болсноор эдгээр төсөл, арга хэмжээ зогссон байна.

Төлөөлөл болгож Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 8 дугаар хороодод хэрэгжиж буй төсөл, арга хэмжээтэй Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн П.Анужин болон ажлын дэд хэсгийн гишүүд танилцав. 

 Энэ үеэр дэд ажлын хэсгийн гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан эдгээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан толгой компанийн гэрээ цуцлагдсанаар туслан гүйцэтгэгч компаниуд ажлаа хэрхэн үргэлжлүүлэх нь тодорхойгүй болсон. Концессийн жагсаалтыг хүчингүй болгохдоо цаашид санхүүжилтийг  орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр Засгийн газрын газраас чиглэл гарсан ч тэгж шийдвэрлэх бололцоогүй гэдэг асуудлыг Нийслэлийн Засаг дарга  Боловсрол, шинжлэх ухааны яаманд тавьж байгаа. 

Эдгээр 16 төсөл, арга хэмжээнээс ганцхан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болсон, улс худалдаж авах асуудал хүлээгдэж байна. Үүнээс бусад 15 байршлын төсөл арга хэмжээний ажил тодорхой хэмжээгээр эхэлсэн, 5-20 хувийн гүйцэтгэлтэй. Бүгдийнх нь газрын гэрчилгээ нь Нийслэлийн боловсролын газрын нэр дээр гарсан. Төсөв нь шийдэгдвэл гүйцэтгэгч компаниуд нь гүйцээж барьж, дуусгах боломжтой. Үргэлжлүүлж барихад төсөвт өртөг нь ковидоос шалтгаалсан барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор нэмэгдэх гол хүндрэл үүснэ. Одоогоор нэг төслийн хөрөнгө оруулалтад 4.5-4.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай тооцоо гарч байна хэмээн мэдээлэл өглөө. 

Төсөл, арга хэмжээтэй танилцсаны дараа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг эдгээр төсөл хүн амын нягтрал өндөртэй, сургууль, цэцэрлэггүй хороодод буюу үнэхээр чухал шаардлагатай газраа хэрэгжиж байна гэдэг маш чухал. Хөрөнгө оруулалтыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Цаашид бараа материалын үнэ өссөөр байвал төсөвт өртөг нь бүр л нэмэгдэнэ. Энэ ажлууд зогссоноор иргэд, хүүхдүүд хохирч байгаа. Тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөө гаргаад ажил эхэлсэн гүйцэтгэгч компаниуд ч хохирогч болж байна. Цаашид эдгээр төслийг яаж явуулж, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх талаар ажлын хэсэг Байнгын хороодын хамтарсан тогтоолын төсөлд санал, дүгнэлтээ оруулна хэмээв. 

 Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн П.Анужин сургууль, цэцэрлэгийн барилгыг анхнаас нь концессоор явуулах нь зөв байсан уу гэдгийг эргэж харах шаардлагатай юм байна. Ер нь ингээд сэглээд  хаячихсаны хариуцлагыг хэн үүрэх вэ. Цаашид энэ төслийг хэн хариуцаж, яаж  явуулах вэ гэдгийг иргэд харж, хүлээж байгаагаа хэлж байна. Одоо шинэ бүтээн байгуулалт хийгээд явахдаа гол нь биш, эдгээр эхлүүлсэн ажлаа санал нэгтэйгээр бүрэн гүйцэд дуусгах нь нэн тэргүүний зорилт. Улсын төсвөөр ажил нь үргэлжлэх нь тодорхой байх. Эрх ашгаар нь эрэмбэлэх юм бол нэн яаралтай  дуусгах шаардлагатай энэ бүтээн байгуулалтуудын хөрөнгө оруулалтыг болж өгвөл ирэх оны төсөвт суулгахаас өөр гарцгүй юм гэж харагдаж байна гэв.    

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутагт баригдаж буй бага сургууль, цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч болох “Жи Эн Зэт Эф Икс” ХХК-ийн захирал Ж.Даваа-Ундрах энэ төсөлд бүх хөрөнгөө оруулж, суурь тавихаас эхлээд өдий хүргэчихээд буй талаараа ярьж байлаа. 

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан хамтарсан ажлын хэсэг өчигдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар ажилласан тухай ЭНДЭЭС уншина уу гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.