Хөрөнгийн үнэлгээг хуулиар зохицуулна
Одоогоор манай улсад хөрөнгийн үнэлгээ хийхтэй холбоотой харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон салбарын бусад хуулиуд, Сангийн яамнаас баталсан эрх зүйн актаар зохицуулж байна.
Харин Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.3-т тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг тус тусынх нь хуулиар зохицуулахаар заасан учраас хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барив.
Нийтдээ зургаан бүлэг, 38 зүйлтэй эл хуулийн төсөлд хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчим, үнэлгээ хийх үндэслэл, хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ, бэлтгэл ажил, үнэлгээний тайлан, мэдээллийн сан, үйлчлүүлэгчийн эрх, үүрэг, үнэлгээчний ёс зүйн дүрэм, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага, түүний бүрэн эрх, үүссэн маргааныг хянан шийдвэрлэх журам, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэргийг тусгажээ.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хөрөнгийн үнэлгээг олон улсын үнэлгээний стандартын дагуу хөндлөнгийн нөлөөнд автахгүй, бодит үндэслэлтэйгээр хийх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.