Б.Баярсайхан: Цахим бодлогыг сайжруулж, залуусын хөгжлийг дэмжих хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Маш чухал хууль орж ирж байна. Сая гишүүд бас хэлж байна нэгэнт бид нар цахим улс болно, Истони улсын Засгийн газартай гэрээ байгуулаад авлигаас ангид байх, төрийн албыг хариуцлагжуулах, төрийн үйлчилгээг цахимжуулах гэсэн том зорилготой явж байгаа. Б.Болор-Эрдэнэ дарга болон IT -ын чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгууллагад хандан хэлэх зүйл байна.
Өнөөдрийг хүртэл өөрсдийгөө аваад явж байгаа Мэдээлэл технологийн ААН-тэйгээ аль болохоор тэднийхээ ажлыг булаахгүйгээр хамтарч ажиллах боломж нөхцөлийг гаргаарай. Яагаад гэвэл олон олон Мэдээлэл технологийн компаниуд, олон залуучуудын хүч хөдөлмөрөөр ажлаа хийгээд, цар тахлын хүнд үед төрдөө түшиг болоод явж байгаа ААН-үүд их байгаа. Ялангуяа бид IT -ын чиглэлээр мэргэшсэн залуучуудаа хөгжилтэй улс орнууд руу маш их алдаж байна. Тиймээс Монголынхоо энэ салбарыг хөгжүүлэхийн тулд Төр, хувийн хэвшил хоёр нягт хамтран ажиллах, бие биенээ дэмжих бодлогыг барьж ажиллахыг хүсэж байна.
Сая гишүүдийн хэлж байгаа амьдралд яг хэрэгцээтэй, Ковид-19-ын үед E-mongolia төслийн үр ашиг нь хаана гарч байна. Иргэд мэдээлэл тодорхойгүйгээс болж бухимдалтай байсаар байна энэ асуудлууд дээр маш хурдтай ажиллан, цахимжиж байгаа гэдгээ иргэддээ нилээн сайтар мэдээлэл өгч, хангах хэрэгтэй байна. Дараа нь хууль орж ирэхээр тодорхой асуулт асууж, санал хэлэх болно. Хуулийн төслийг дэмжиж байна. Амжилт хүсье.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn