Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжсэнгүй
2021.06.22

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжсэнгүй

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын абйнгын хороо өнөөдөр /2021.06.22/ хуралдлаа. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулга хийсэн юм.

Улсын Их Хурал 2017 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Онцгой байдлын байгууллага нь Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах, хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд онцгой байдлын байгууллагын алба хаагчдад онцгой албаны, цэргийн цолны, төрийн тусгай алба хаасан хугацааны зэрэг нэмэгдэл олгож байгаа ч өнөөгийн нийгмийн амьдралын нөхцөл байдлаас хамааран тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Аймгийн төвөөс алслагдсан нутагт дэвсгэрт байрлах онцгой байдлын газар, хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшил олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс орон нутагт ажиллаж буй онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал орхигдож, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүсээд байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсан талаар төсөл санаачлагч гишүүн танилцуулав.

Хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгохоор тусгажээ. Эхний жилд 261 хүнд олгох мөнгөн урамшилд 5.6 тэрбум, цаашид жил бүр дунджаар 2.3 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд уг зардлын эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр зохицуулсан байна.

Манай улсад ой, хээрийн болон обектын гал түймэр, ган, зуд, үер, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлт, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, цар тахал, цацраг, химийн хорт бодисын осол зэрэг аюулт үзэгдэл ихэвчлэн тохиолддог бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас дээрх гамшгийн аюул, учруулах хохирол жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Сүүлийн 10 жилд байгалийн 45.2 мянга орчим үзэгдэл, осол тохиолдсоны улмаас 2124 хүний амь нас эрсдэж, 13.8 сая толгой мал хорогдон, улсад нэг их наяд гаруй төгрөгийн хохирол учирсанаас онцгой байдлын байгууллага 12.6 мянган хүний амь насыг аварч, улсын болон иргэдийн 237.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан тооцоо судалгаа гарсан байдгийг төсөл санаачлагч дурдаж байв.

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Х.Булгантуяа нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Н.Энхболд, Б.Баттөмөр нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Асуулт асууж тодруулан үг хэлсэн гишүүд салбар салбарыг салангид нь авч үзэж урамшуулал олгодог зохицуулалтыг болих хэрэгтэй, улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн цаашдын төлөв байдлыг сайн харж байж асуудалд хандах нь зүйтэй, тэр дундаа Засгийн газрын саналыг аваагүй асуудлыг төсвийн жилийн дундуур оруулж ирэх нь зохимжгүй гэсэн байр суурьтай буйгаа хэлж байв.

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn