Буудай нийлүүлбэл урамшуулал олгоно
2009.04.27

Буудай нийлүүлбэл урамшуулал олгоно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газраас санаачлан боловсруулсан Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.


Засгийн газраас 2008 онд баталсан "Атрын гурав дахь аян" тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн эхний жилийн гараа амжилттай хэрэгжиж, манай тариаланчид өнгөрсөн онд 205.8 мянган тн үр тариа, 142.1 мянган тн төмс, 80.6 мянган тн хүнсний ногоо хурааж авсан нь дотоодын хэрэгцээт төмсийг бүрэн, хүнсний ногооны 49, буудайн 50 хувийг эх орны хөрсөнд ургасан ургацаас хангах нөхцөл бүрдүүлжээ. Мөн энэ онд тариалалт хийхээр 256 мянган га-д уриншийн боловсруулалт хийж, одоо тариалалтын бэлтгэлээ базааж байна.

УИХ-ын 2003 оны 29 дүгээр тогтоолоор баталсан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод хүнсний бүтээгдэхүүний хомсдлоос сэргийлэх зорилгоор буудайг улс худалдан авах тогтолцооог боловсронгуй болгохын хамт стратегийн хүнсний бүтээгдэхүүн болон үр тарианы улсын нөөцтэй байх, газар тариаланд үзүүлэх төрийн дэмжлэг, хөрөнгийн эх үүсвэрийн талаархи эрх зүйн орчныг бий болгох, түүнчлэн Хүнсний тухай хуульд стратегийн хүнсний үйлдвэрлэлд улсын захиалга өгөх, хөнгөлөлттэй зээл олгох зэргээр төрөөс хөхүүлэн дэмжихээр заасан билээ.

Эрх зүйн эдгээр заалтуудыг үндэслэн эх орны хөрсөнд ургасан буудайн гурил, төмс, хүнсний гол нэрийн ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, тариалан эрхлэгчдэд үйлдвэрлэлээ өргөтгөх, эрчимжүүлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх үүднээс тариаланчдаас улсад болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн буудайн тонн тутамд тухайн жилийн зах зээлийн борлуулалтын дундаж үнийг харгалзан мөнгөн урамшуулал олгож байх заалтыг Тариалангийн тухай хуульд нэмэлт болгож оруулахаар Засгийн газраас боловсруулсан энэхүү хуулийн төсөлд тусгасан байна.


Газар тариалангийн улирлын байдлыг харгалзан энэхүү хуулийн төслийг УИХ-аар ойрын үед хэлэлцүүлэхэд анхаарна гэдгээ УИХ-ын дарга мэдэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.