Хүрээлэн хоорндын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатай байна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон яамны удирдлагууд өнөөдөр Шинжлэх ухааны академийн Математик, тоон технологи, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Түүх, угсаатны зүй, Хэл зохиол, Археологийн хүрээлэнгүүдэд ажиллалаа.
Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн асуудлыг тодорхой болгож, өөрчлөх шаардлагатай байна. Төрийн мөнгийг шинжлэх ухаааны салбарынхан судлаачиддаа зарцуулж, үр дүнг хүртэх нь чухал. Мөн хүрээлэн хоорндын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатай.
Удирдлага, хүний нөөц, цалин үнэлэмжийн асуудлыг эргэн харж, тогтолцоог нь өөрчлөх хэрэгтэй. Үүнээс гадна эрдэм шинжилгээний ажилтнуудын академик ур чадварыг дэмжих чиглэлээр анхаарч ажиллана гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд онцоллоо.
МАТЕМАТИК, ТООН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН:
Тус хүрээлэнгийн хувьд тоон технологийн судалгаа ба хөгжүүлэлт, онолын болон хэрэглээний математикийн чиглэлээр судалгаа хийдэг. Ялангуяа томоохон төслийн үр ашгийн тооцооллыг математикийн аргачлалаар гаргах бүрэн боломжтой гэдгийг хэлж байсан. Нэг үгээр хэлбэл, манай улсад хэрэгжиж буй бүхий л төсөл хөтөлбөрийн үр ашгийг тооцоог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргах боломж энэ хүрээлэнд бий.
Мөн мэдээллийн технологийн салбар нь соёлын өвийг тоон хэлбэрт шилжүүлэх, соёлын өвийн өнгөний судалгааг хийж байна. Үүнээс гадна халдварт тархалтын математикийн загварчлалыг хийж, ХӨСҮТ-д хамтарч ажиллах хүсэлтийг тавьсан байна. Хүрээлэнгийн зүгээс тооцоолох төв байгуулж, шинжлэх ухааны дата мэдээллийг бий болгох хэрэгтэй байгааг сайдад уламжлав.
БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН:
Манай улсад 7700 зүйл байгалийн ургамал бий. Эдгээр ургамлыг бүртгэж, экологийн өөр өөр газар ургадаг ургамлын нөөцийг тодорхойлж, устаж буй ургамлыг тарималжуулах, үнэлгээний тооцоог гаргах зэрэг судалгаа ажлыг тус хүрээлэн хийдэг. Эмийн ургамал 1100 байдаг бөгөөд дэлхийд гаргах боломжтой зүйл ургамал бий, үүнийг тарималжуулах туршилт судалгааг хийж буйг эрдэмтэд хэлж байна. Цаашид эмийн ургамлын давуу талыг ашиглаж, эдийн засагт оруулах боломжтой аж.
Өнөөдрийн байдлаар дэлхийд 3164 ботаникийн цэцэрлэгт хүрээлэн бий. Хятад улс 200 гаруй, ОХУ 150, Герман 138, АНУ 40 гаруй ботаникийн хүрээлэнтэй. Манай улс ганц байгаа ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн үлдсэн 18,2 га газрыг улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай байгааг сайдад хэллээ.
ТҮҮХ, УГСААТНЫ ЗҮЙН ХҮРЭЭЛЭН:
Түүх, угсаатны зүйн хүрээлэн дэлхийн монгол судлалд Монголын түүх судлалын байр суурийг бэхжүүлэхэд өөрийн бүтээл туурвил, олон талт хамтын ажиллагааны туршлагаараа хувь нэмрээ оруулж байна. Өнгөрсөн хугацаанд гадаад улс орнуудын эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, музей, номын санд хадгалагдаж буй баримт, гэрэл зургийг хуулбарлан авчрах, хамтран хэвлэн нийтлэх ажлыг хийж ирсэн.
Сүүлийн хоёр жилд 8500 хуудас баримт бичгээр сан хөмрөгөө баяжуулж, Тайваний Үндэсний хааны музйед хадгалагдаж буй Монголын түүх соёлд холбогдох 3300 дурсгалын жагсаалт үйлдэж авчирчээ. Түүнчлэн “Монголын түүхийн холбогдолтой баримтын нэгдсэн сан” суурь судалгааны төслийг санаачлан ажиллаж байгаа юм.
ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭН:
Шинжлэх ухааны анхны хүрээлэн болох Хэл зохиолын хүрээлэнгийн 100 жилийн ой тохиож байна. Өнөөдрийн байдлаар шинжлэх ухаан, боловсролын түлхүүр нэр томъёоны цахим тайлбар толийг хийж байгаа аж. Мөн Монголын нууц товчоо, эртний уран зохиолын судлалыг хийж байна.
Тус хүрээлэнгийнхэн эх хэлний үгийн сангийн баазыг бий болгож, корпус байгуулах инновацийн саналыг гаргалаа. Эх хэл боловсруулалтын суур судалгааг дэмжихийг хүсэв. Эх хэлний сан хөмрөг буюу корпус байгуулснаар хэлийг хэрэглэж буй бүх газарт хүрч үйлчлэх боломжтой юм.
АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН:
ус хүрээлэнгийн хувьд Хархорум, Төрийн түүхийн музей, Чингис хаан музей зэрэг олон музейг олдвор эд зүйлээр хангасан байна. Одоогоор 16 улсын 46 хүрээлэнтэй хамтын ажиллагаатай байдаг аж. Ноён уулын олдворыг судалж байгаа бөгөөд цаашид тус олдвороор тусгай үзэсгэлэн гаргаж, улс орны нэр хүндийг дэлхийд таниулах боломжтойг эрдэмтэд хэлж байна.
Хүрээлэнгийн тулгамдаж байгаа асуудал нь хээрийн болон лабораторийн судалгааны санхүүжилтийг шийдэх, сан хөмрөг хадгалах байрыг сайжруулах юм. Хүрээлэнгийн санаачилгаар “Монголын Үндэсний археологийн музей” байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Эдгээр хүрээлэнгүүдийн нийтлэг асуудал нь суурь судалгааны хугацааг уртасгах, санхүүжилтийг шийдвэрлэх, тогтвортой байдалд анхаарах, сан хөмрөг хадгалах байр, сууцны асуудал, хүний нөөцийн бодлого зэрэг байв. Эрдэмтэн, судлаачдын тавьж буй саналыг сайд анхаарч, ажил хэрэг болгон ажиллахаа хэлсэн юм.